Гишүүд чуулганаа завсарлуулахыг шаардаж, УИХ-ын даргыг шахамдуулж байна

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүйгээс хэлэлцэх асуудлууд овоорч, хойшилсоор. Гишүүд нь хөдөө орон нутагт ажиллан чуулгандаа суух нь ховордож, мөн чуулган завсарлуулах хүсэлтийг ч гаргажээ. Тиймээс УИХ-ын дарга гишүүдийн хүсэлтээр чуулганаа завсарлуулах нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч  байна. Цаашлаад УИХ-аас  хоёр ч том сонсгол зохион байгуулахаар Түр хороо байгуулаад байсан ч сонгууль тулсан энэ цагт МАН-ын гишүүдийн нэр хүнд унах эрсдэлтэй байдал үүсэх тул мөн л цуцлахаас аргагүйд хүрч байна.  

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Орон нутгаас сонгогдсон гишүүд Уламжлалт мал ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг таниулах ажлаар орон нутагт ажиллах шаардлага байна гэдэг хүсэлт их ирүүлж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг мөн тойрогтоо таниулах шаардлага үүссэн тул өнөөдөр УИХ-ын чуулганаар хуулиудаа хэлэлцчихвэл  чуулганыг завсарлуулна” гэдгээ өчигдөр хэлчихсэн.

"Ногоон автобус" болон газрын мафийг илчлэх сонсголоор МАН-ынхны булхай луйвар илэрч, үнэн нүүр царай нь илчлэгдэх тул сонгуулийн санал авахад сөргөөр нөлөөлнө хэмээн тооцож аль болох  хийхгүй байх сонирхолтой гишүүн олон байна. МАН ч  хүлээн зөвшөөрч "УИХ-ын сонгуулийн өмнө бөмбөг хаяад яах вэ" гэсэн байр суурьтай байгаа гэх.  

Тиймдээ ч гишүүд нэн яаралтай хэлэлцэх хуулиудаа өнөөдөр хэлэлцээд нэг талд нь гаргачихвал тойрог руугаа ухасхийж, УИХ-ын дарга чуулганаа завсарлуулчихаад гар газар, хөл хөсөр суух нь.