Иргэдэд хамгийн ойр, ирцийн босгогүй сонгууль

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосонСонгуулийн санал хураалт энэ өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагийн хооронд болох бөгөөд  Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 15 нам нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Эдгээрээс УИХ-д суудалтай таван нам сонгуульд оролцох юм. Тухайлбал, Монгол ардын нам 45, Ардчилсан нам 44, ХҮН нам 45, Үндэсний эвсэл 27, Иргэний зориг ногоон нам 45 нэр дэвшигчээ нийслэлийн 12 тойрогт илгээгээд буй. МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа, Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр, Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг нар энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд ахлан оролцоно. 

2393 тойргийн 8031 мандатын төлөө өрсөлдөнө

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд хэрэгжүүлсэн хуулийн дагуу мажоритар тогтолцоогоор явуулна. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулах бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751 сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. Нийт 17400 нэр дэвшигч материалаа хүргүүлснээс нийслэлийн МАН дөрөв, АН хоёр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан билээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ ял шийтгэл хүлээж байсан, Д.Эрдэмбилэгийг татвартай холбоотой зөрчлөөр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бол МАН ямар шалтгааны улмаас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаа одоогоор тодорхой тайлбарлаагүй байна. Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч намайг уучилсан. Гэтэл Төрийн тэргүүнээс илүү эрх дархтай та нар хэн бэ хэмээн өөрийг нь бүртгэхээс татгалзсанд уурсаж, хоёр дахин яллах гэлээ хэмээн  бухимдлаа илэрхийлсэн. Мөн энэ сарын 16-ныг хүртэл нэр дэвшигч зөрчлөө арилгасан тохиолдолд дахин бүртгүүлэхээр хандах эрх нь нээлттэй юм.

Сурталчилгааны хугацаа 14 хоног байна

Бүсчилсэн том тойрогт 17 хоног сурталчилгаа хийсэн УИХ-ын сонгуультай харьцуулахад ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа  хийх хангалттай хугацаатай бөгөөд нэр дэвшигчдэд есдүгээр сарын 26-нд үнэмлэхийг нь гардуулснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тодруулбал, аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.

Хуульд заасны дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

Тодруулбал, нэр дэвшигч

  • Мөнгө, эд зүйл тараах,
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах,
  • хишиг, хувь, хувьцаа тараах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөх,
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,
  • сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
  • нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага, төлбөрт таавар, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх,
  • сонгогчдыг гадаад дотоодод аялуулах, амралт сувилалд амраах
  • Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэхийг хориглосон байдаг.

 

Ирц, саналын босгогүй ч иргэд анхан шатны нэгж болох ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцохыг СЕХ уриаллаа

2020 онд анх удаа ирц, саналын босгогүй хууль баталж, орон нутгийн сонгуулийг явуулж байлаа. Тэгвэл энэ хуулиар 2024 оны сонгууль мөн л ирц, саналын босгогүй болно.Тодотговол, 30, 40 хүн сонгуульд оролцон санал өгсөн ч  хүчин төгөлдөр болно гэсэн үг.  Мөн 10, 20 санал авсан ч олонх болсон бол ялсанд тооцно. Харин саналын тоо тэнцвэл нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дараа явуулах учиртай. Урьд өмнө сонгогчдын ирц хүрэхгүйгээс  зардал хөрөнгө гарган дахин санал хураах зэрэг улсын төсөвт халгаатай шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрч байсан.    

ИТХ-ын сонгууль УИХ-аас дутуугүй чухал

Бидний өдөр тутмын амьдралд хамгийн ойр шийдвэрүүдийг анхан шатны нэгж болох  ИТХ гаргадаг. Зам, талбай засварлах, гэрэлтүүлэг, суваг шуудуу татах, худаг ус гаргах, амарч салхилах ногоон байгууламж бүтээх, орц, гарц гаргах зэргээр иргэдийн ая тухтай амьдралд нөлөөтэй хамгийн чухал шийдвэрийг гаргадаг учраас орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас ч дутахгүй ихээхэн ач холбогдолтой. Иргэд сонгох эрхээ эдэлж, өөрийн өмнөөс шийдвэр гаргах хүнийг сонгох гэж буйгаа учраас ИТХ-ын сонгуульд хойрго хандаж боломгүй.

Сонгогчдын эн тэргүүнд анхаарах ёстой зүйл бол сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ есдүгээр сарын 27-ноос өмнө шалгах учиртай. Хэрвээ бүртгээгүй эсвэл буруу бүртгэсэн бол гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гаргах боломжтой юм.Төгсгөлд нь иргэд оршин суугаа газартаа аюулгүй тав тухтай амьдрах, амарч зугаалах, хүүхэд хөгшид нарлах, тоглох талбайтай, орц гарцтай  байх зэрэг наад захын эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг анхан шатны чухал нэгж болох ИТХ-аас сонгогдсон төлөөлөгчид хангах үүрэгтэй бөгөөд сонголтоо зөв хийхийг, санал хураалтдаа идэвхтэй оролцохыг сануулъя.

Хэсгийн хороодын 50 хувьд хяналтын тооллого явуулна

УИХ-ын 2024 оны сонгуулиар хяналтын тооллогыг 100 хувь явуулж, гараар тоолж  байсан бол орон нутгийн сонгуулиар 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ. Учир нь, орон нутгийн сонгуулийн хуулийг хуульд заасан хугацаанаас өмнө өөрчилж амжаагүй учир ийнхүү өмнө нь хэрэгжүүлсэн хуулиар зохион байгуулж буй.  Хяналтын тооллого хийхдээ хэсгийн хороодыг түүвэрлэн сугалах аргаар сонгодог. Мөн энэ жилээс хяналтын тооллогыг олон нийтэд нээлттэй явуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.