Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр албан ёсоор үзэглэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад айлчлах үеэрээ 1997 онд анх орж ирсэн дээрх төслийг урагшлуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хэлэлцээ хийж, зөвшилцөж байсан нь ийнхүү ажил хэрэг болж, төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, Орано Майнинг С.А.С компани хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оронтой хийж буй Оюутолгойн дараа орох том төсөл гэж тодотгож болно.
Төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэнэ. Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг энэхүү Зөөвч-Овоо ордыг ашиглаж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төдийгүй ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагших зэрэг олон талын ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлийг урьдчилан тохиролцсон. Тухайлбал,
- Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон.
- Бүтээгдэхүүнд агуулагдах бусад ашигт малтмалд АМНАТ тооцох,
- Гурван жил тутамд төслийн үйл ажиллагаа болон технологидоо олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэх,
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх,
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, уурхайн хаалтын үе шатанд 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх,
- Уурхайн ашиглалтын үе шатанд төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх,
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байх,
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар заажээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгоно.
Нөхөн сэргээлттэйгээ нийлээд 50 гаруй жил хэрэгжих уг төсөл Монгол Улсад анхных. Оюутолгойтой харьцуулахад жижиг ч гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэдэг утгаараа Монгол Улсад нэн ач холбогдолтой.