Г.Занданшатар МАН-чуудаа хазаарлавал тав алхана, чадахгүй бол шууд унана

Ардын намынханд өөрсдийнхөө үнэн төрхийг үзэх ардын билгийг монголчууд ерөөн сануулах болжээ.  Өөрийнхөө үнэнг харна гэдэг бол угтаан эдгэрэл байх ёстой. Гэвч Ардын намынханд энэ билиг бий эсэх туйлын эргэлзээтэй. Ганзоригийн Тэмүүлэн гэдэг залуу  намын бодлого болгосон Г.Занданшатартай хүч үзээд өвдөг шороодлоо. Г.Тэмүүлэн зөвтэй хүн байж болох. Тийм ч биз. Гэхдээ түүнд бий болсон үнэн бол эцгийн нь нэр төрийн сэвтэл. Түүний эцэг чухамдаа МАН-ын боловсон хүчний бодлогоор Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очиж байв.

Ингэхдээ африк банкинд тус үйлдвэрийг барьцаанд тавихад оролцож, үүний улмаас өөрөө хоригдож, Монгол улс 40 сая доллар төлсөн. Үүнийг сая Ардын намынхан Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад нэр дэвших гэхэд ямар уран чадмагаар матарлан дэлгэж байна. Нийт олноор жигшээлгэж байна. Энэ бол МАН. МАН-ын ур чадвар болой. Мөн үнэн болой. Ингэж дэвшүүлдэг, хулгайлуулдаг, дараа нь нийтээрээ даран сөнөөдөг. Тэгсэн атлаа үр зулбай нь амьдарсаар байдаг. Даамжирсаар байдаг. Мөн дараагийн удаагийн “томилгоонд” бэлтгэгддэг. Н.Номтойбаяр Г.Тэмүүлэнг дэмжиж аргаа барлаа. Г.Занданшатарыг парламентын гадна байгаагаас эхлээд, маш олон агуулгаар Ерөнхий сайд байж үл болно гээд, аргагүй хүч алдлаа. Н.Номтойбаяр бол өөрөө Ардын намын тэргүүн зүүлтүүдийн нэгэн бөгөөд тэр мөн мандуулт намынхаа нэгэн цагийн тохуугаар хар гэрт морилоод, эдүгээ өөр нам толгойлох болсон ч, мөнхүү өөрийг нь төрүүлсэн МАН-ынхны бач, хайр ивээл дунд аанай л төөрөн тохуурхагдаж явна. Газрын хэвлийн баялаг эх орны иргэдийн өмч нь үнэн мөн хуультай ч, нийт ард түмний баялагыг гэр бүлээрээ эзэмшин мөлжих, улмаа түүнд суурилсан чинээлэг байдлаараа түрий барин ард түмнийг захирах донд бүрэн автсан нэгэн бол Н.Номтойбаяр хөдөлбөргүй мөн. Энэ бүх байдлыг бий болгогч нь МАН яг мөн.

Монгол Ардын Нам ийм л тойргоор урагшилж, мөнгөнд шүтэж, эрх мэдэлд шүтэгсдийн донгоор, тэдний бэлээр бүх шударга бусын, зарчимгүйдлийн жолоодлогыг бүрэн дүүрэн угсарч, түүндээ ээлж дараалан нэгнээ зохион байгуулалттайгаар дүүжилж, хоморголон ялладаг зүй тогтлын прамид болой. Л. Оюун-Эрдэнэ хэдий эрүүллэг зарчмаар эхлэн мандсан ч, нэгэнт бий болгон төхөөрөмжилсөн намынхаа улигт муу замаармөн өөрөө халтиран өнөөдөр золиослогдож байгаа нь хэнд ч ойлгомжтой юм.  Ардын намын хатагтай Б.Батцэцэг өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн сунгааны үр дүн гараагүй байхад гарч ирээд, манай нэр дэвшигчид дангаараа Засаг байгуулна аа хэмээн илэрхийлж байна гэж цовоо цолгиунаар мэдэгдэл хийж ажгуу. Ерөнхий сайдад нэр дэвшигч өөрөө одоог хүртэл Засгийн бүтцийг ямар байх тухай мэдэгдэл хийгээгүй байхад энэ хатагтай юун тийн яаран мэдэгдэл хийнэ вэ.

Энэ бол Ардын намынхны бусдад хоол үл хүртээх, тэрүүхэндээ тус намын шошготнууд нэгдэн нийлж тогоо өөрсдөө л хоослохын үлгэрийг санагдуулж байгаа үнэн юм. Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр, Л. Оюун-Эрдэнийн арай цартайхан харсан бодлогын үрээр бусад намынхан, бусад өөр олон Засагт багтаж, МАН-ынханы идэх ёстойг идлээ гэдэг бирд хармын сэтгэлийн илэрхийлэл тийнхүү Б.Батцэцэгийн үгээр илэрхийлэгдэж байгаа юм. Олуулаа идсэн оготно таргалахын үлгэрийг МАН-ыхан ерөөс үл мэдэх бөгөөд, угтаан зүүн төвийн үзэл гэгчийн нь үзүүр дээр иймэрхүү санаа байдгийг энэ намын албатууд үргэлж хоолтойгоо холин цөлөх билээ.

Монгол Ардын нам дангаараа засаглаад тав алхахгүй. Тийм бяд байхгүй. Тийм бядгүйг сая Ерөнхий сайдаа тодруулах гэсэн өдрүүдийн, сарын аяны “тайлангаас” ард түмэн тодорхой харчихсаан. Ерөнхий сайдад нэр дэвшихийн тулд МАН-ынхан нэгнийгээ харлуулан хөөдөцгөөж, угаасаа хөөдөх шаардлагагүй хөө тортог дүүрэн пад хар болохоо тоочицгоосон бөгөөд , тэдний идсэн уусан хулгайлсан, тэрэг тэргээр, түүх намтар вагон вагоноор болохыг нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл дурайтал гаргалаа. МАН-ын үнэн ийм  юм. Тэд үнэхээр хүчтэй, эвлэмэл, дангаар засаглах үнэн чадалтай л юм бол саяын хэд хоногт ингэтлээ хагарч, тэгтлээ нэгнээ цоллохгүй байсан бус уу. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болгочих хүсэл Л.Оюун-Эрдэнэ нарт байсан байх. Гэвч Д.Амарбаясгалан нэр дэвшсэн төдий болж, өнгө хараад, харуулаад нэр татчихаж. Хэрэг дээрээ УИХ-ын даргаасаа хагацвал бүхнээс хагацах учир жанцантайн учраас л тийм үйлдэл хийж байгаа хэрэг.

Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан гээд олон хүмүүс ил тод сайд болмоор байна, надад өгөөч гэж зарлаж байна. МАН-ын нэгэн эцэг Намбарын Энхбаяр дангаар засагла аа гээд өдөр шөнөгүй яриад байгаа нь үнэндээ бол “Энхбаярын Батшугарыг сайд болго” л гэсэн үг юм. МАН-ын үнэн төрх энэ л юм. Гомбожавын Занданшатар амны хишигтэй хүн шиг байна. МАН дотроо арай нэр цэвэрдүү хүн байна. Тийм учраас л сая тэрбээр тоосонд өнгөллөө.

Г.Занданшатарт одоо бүх асуудал нүүрлэнэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн гүн бэрхшээл. Түүнийг сөрөх сорилтууд нэрвэн тулгарна. Үүнд тэрбээр хэрхэн тэсэх, тэсэж чадах уу. Оюу толгой, ОНТРЭ, худаг, нуур, овоолго. Баялагын сан. Төсвийн орлогын тасалдал. Өчнөөн асуудал хүлээгээстэй. Өөрөө парламентын гишүүн бус. Юм юмтай ч тулна даа. Гэхдээ түүний тулах хамгийн том даваа бол чухамдаа МАН-ынханы нь далайлгал, эрх мэдлээр идэж уухын их цөв. Үүнийг Г.Занданшатар гэтлэхэд хэцүү. Г.Занданшатар МАН-чуудаа хазаарлавал тав алхана, чадахгүй бол шууд унана.

Б.БАЯР

Сэтгэгдэл үлдээх