Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногт 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.

Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр болов.

Сэтгэгдэл үлдээх