Элчин сайдуудын болон Цэцийн даргын томилгоо гацаанд ороод байна
МАН Их хурлаа хийж, намын даргаа сонгосноор улс төр гольдролдоо орж байгаа ч ар араасаа нэхэлтэй томилгоонууд гацсаар байна. Эдийн засаг хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад М.Бадамсүрэнг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад Д.Үүрийнтуяаг, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохоор болсноо өнөөдөр танилцуулах бол цаана нь 23 Элчин сайдыг чөлөөлөх, мөн орных нь хүнийг томилох, цаашлаад бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болоод таван сар өнгөрч буй Үндсэн Хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн орны томилгоо мөн гацаанд ороод буй юм.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сард дуусгавар болсон ч улс төр тогтворгүй байснаас өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа. Түүнийг 2019 оны зургаадугаар сард тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор Цэцийн гишүүнээр томилж байсан бол өнгөрсөн жилийн тавдугаар сард Цэцийн даргаар сонгосон юм. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд бүрэн эрх нь байсан ч тэрбээр Цэцийн даргын томилгоонд тэгтлээ ач холбогдол өгөөгүй. Харин өдгөө УИХ-ын дарга Н.Учрал Цэцийн даргыг ойрын хугацаанд томилох учиртай болж байна. Улс төрийн хүрээнд өнгөрсөн өвлөөс Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил очих тохироотой гэсэн яриа гарсан нь биеллээ олох магадлалтай. Эс бөгөөс Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн томилсон хүнээ улираан томилуулна гэх мэдээлэл ч яваа юм. Ийнхүү улс төрийн хүрээний олон томилгоо хүлээгдэж, албан тушаалд санаархсан нөхөд Төрийн ордон хавиар гүйдэлтэй болжээ.
Сэтгэгдэл үлдээх