Г.Занданшатар Засгаа аварч Д.Амарбаясгалантай нэг тулсан, одоо О.Цогтгэрэлтэй “барилдах” нь

 Юундаа айгаад байгаа юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгуулвал яасан юм.  Хууль зүйн сайд Б.Энхбаяр энэ үгээрээ прокурор Б.Жаргалсайханыг шууд л түдгэлзүүлэх ажлыг хий гэж хэлж байгаа юм л даа. Д.Амарбаясгалан дарга ер нь Монголд байна уу гэж асуух байдлаар мөн хэлж байна лээ. Энэ бол мөнөөх дарга бас ч гэж гарч ороод, нааш цааш яваад байгааг хэлээд байна гэсэн үг. Мөн бас тэгээд зөвлөх, туслах нь явсан тэр Эрдэнэжаргал гэгч этгээдийг шөнөөр хоёр ч удаа суллалаа. Яагаад мөрдөн шалгах ажилд саад учруулаад байна гэж уурсаж байна лээ, нилээд шазууртай шүү, Б.Энхбаяр сайд маань. Д.Амарбаясгалан нам төрийг эзэгнэж он удаан жил явсан.

МАН-ын 10 жилийн засаглал дотор цагаан байрнаас хамгийн их албан тушаалд хүнээн тавьсан хүнийг Д.Амарбаясгалан гэдгийг монголчууд мэднэ. Тиймдээ ч эрдээд, өөрөө УИХ-ын дарга буюу төрийн эрх барих дээд байгууллагын дарга атлаа дахин эрх мэдэлд шунаж, МАН-ынхаа дарга болохоор дайраад, үнэндээ ч болсон, тэгээд ах нарынхаа сэтгэлд эс нийлсэн, ахиа зан гаргасан учир арга буюу шахалтаар ажлаа өгсөн нь үнэн юм аа. Д.Амарбаясгалангийн эрх мэдэлд шургуулсан хүмүүс тэр чигээрээ л байж байгаа. Нэг хүнийг хоёр удаа шүүхийн тогтоолтой суллуулах дайны нөлөө бүрэн байж л байгаа. Юм гэдэг сонин. Эрх мэдэл гэдэг туйлбаргүй. Д.Амарбаясгалан хаан явахдаа Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан хоёроо багагүй ноолсон, ноцсон гэгддэг.

Одоо Ш.Раднаасэд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх болоод, мөн тэгснээ Засгийн газрын тэргүүн дэд дарга болж орхилоо. Д.Амарбаясгалантай тооцоо хийнэ гээд Б.Энхбаяртай хавсараад явчих төлөвтэй болчихлоо. Хүн ер нь эрх мэдэлтэй байх тусмаа л хүн явах ёстой юм билээ л дээ. Б.Энхбаяр намайг сайд болуутаа нэг хүнийг гавлаад аваад явах юм бодоод байна уу гэж байсан. Сайд болуутаа ч арай тэгээгүй л дээ. Одоо бол тэгж мэдэхээр байх шиг байна. Тэр тусмаа хуулийн зүтгэлтэн Ш.Раднаасэдтэй хавсарчихвал хүч бол эгнэшгүй юм болно.

Гэхдээ эдгээр эрх мэдэлд очсон хүмүүс нийлж нэгдээд хүн хэлмэгдүүлж болохгүй шүү гэдгийг санах ёстой. Гэм хийсэн бол тэрийг нь шударгаар үүрүүлэх  бас зөв нь ойлгомжтой. Эдгээр агуулга, үйл явдалтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарыг дэмжиж ажиллахаар болжээ гэсэн мэдээ явж байна лээ. Явж ч юу байхав даа, явуулж байна лээ. Муу л бол хойт гэрийн хар овоохой гэгчээр Д.Амарбаясгаланд бүх бурууг  үүрүүлж, одоо түүнээс бүгд зугатааж байна. Улс төр дэх арчаагүй нэг үзэгдэл бол хүч хаана байна, тийшээ налаад, долоогоод явчихдаг нь. Г.Занданшатарыг дэмжихээр болжээ гэдэг бол тэр л долоолго. Гэтэл бас жиг ургаж эхэллээ. Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ гэх. Дэд сайдууд томилчихсоноос эхтэй болж таарав уу, яав.

Үнэндээ бол хамтарсан Засгийн үеийн бүтээмжийн менежерүүд гэгчийг халаад л дэдүүд тавьсан. Дэдтэй байх хууль байх шиг байна. О.Цогтгэрэл нарт Г.Занданшатар тэрийг хэлээд, тэр хамтарч хийсэн хуулийг үгүй болгочихбол дэдээ больчиход болохгүй юмгүй л гэчихлээ. Мад шаг маягийн юм болчихов уу, тэрэнд Ардчилсан намынхан шаралхав уу, бичиг өргөх болоод явчихлаа. Шатахуун байдаггүй,мөнгө санга байдаггүй, Засгийн газар ч үнэндээ хэцүү л байна л даа. Гээд Засгаараа наадаад байх шаардлага байна уу. Саяхан л , намаржин Засгаа хөндөөд нэг юм тогтоод байж байгаа бус уу.

Ер нь Засгийг үнэхээр түлхэе гэвэл Ардчилсан намын 42-той , НОМТ нь, тэгээд Д.Амарбаясгалан, Л. Оюун-Эрдэнэнийнхэн нийлчихбэл Засаг үлдэхэд хэцүү л дээ. Ийм юм болбол, тэр улс төрчиддөө болдог юм байж, ард түмэн, эх оронд бол хохирол нь маш их. Ер нь бол, тэгээд, энүүхэндээ гэхэд одоо яг энэ цаг үед, ийм үед Г.Занданшатараас дорвитой Ерөнхий сайд олдохгүй. Үзээд өгье гэхнээ нь, АН-д ч, МАН-д ч түүнээс дээрдүүлэх хүн үзэгдэхгүй байна. Тэгэхээр байгаагаа додомдож, тэтгэсхийгээд явах нь л ононо доо. Г.Занданшатар Засгаа аварч Д.Амарбаясгалантай нэг тулсан, одоо О.Цогтгэрэлтэй “барилдах” нь. Их хурлын даргыг нэг юм “хаясан”, одоо сөрөг хүчний даргад ямар мэх хийх юм бол доо. Огцруулах бичиг бариад УИХ хэлэлцэх болбол,  тэгээд барилдаанд орж л таарна даа.  Засагтай ноцолдохын оронд АН, МАН-ынхан О.Батнайрамдалын өргөөд байгаа УИХ-ын тогтоолыг даруй батлах хэрэгтэй. Тэр тогтоолыг чамбайруулаад, биелэх, биежихийг нь нот болгоод Оюу толгой, ОНТРЭ-дээ шахалтаа үзүүлэх ёстой. Н.Учрал спикер, С.Бямбацогт дарга, Б.Энхбаяр сайд нар уг тогтоолд санаа зовж байгаагаа хэлж байгаа ч, хойшлуулчихсан.

Түүнийг ер азнах хэрэггүй баймаар. Манай дарга нарын уг тогтоолтой холбогдуулан хэлж байгаа үг, байр суурь, азнал ард түмэнд огт таалагдахгүй байгаа нь цахим сүлжээнээс тов тодорхой харагдаж байна лээ. Дарга нар биеийн хэлэмжээрээ ямархуу ихэрхэлтэй байгаад ард түмэн онц шүүмжлэлтэй хандаж байгааг сэхээрмээр. Б.Энхбаяр “Батнайрамдал аа хөгшөөн...” гэж ирээд л. Иймэрхүү л байдал чинь болохгүй байна даа. Тэрэнд орвол Хятад, Оросын сайд нар руу яриад л “Хөгшөөн, бензинээ тасалмааргүй байна аа” гэх хэмжээнд л байцгаамаар байна шүү. Ер нь манай эх оронд сонин, гаж зүйл их болоод үнэхээр удаж байна. Ажил хийгээгүй хүнийг дэвшүүлээд байдаг огт ойлгогддогүй байдал гаарлаа. Монгол эрчим хүчний хомсдолтой байсаар байна. Газрын тосоо боловсруулж чадахгүй гуйрамч царайлсаар байна. Таван толгой цахилгаан станц гэж аж ахуйн нэгж байдаг. Станцаа барьдаггүй, станциа барих нь битгий хэл тендерийн будилаан нь дуусдаггүй. Арав гаруй жил МАН-ын Ц.Цэрэнпунцаг, Б.Чулуунбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Тавинбэхтэйгээ хэдэн тал болоод л үзээд байдаг. Ажил нь урагшилдаггүй. Огт ахидаггүй. Тэгсэн, тэр аж ахуйн нэгжийн захирал Г.Тэнгэр гэгчийг сая Австралид Элчингээр томиллоо. Ийм байхаар чинь яах юм бэ. Ийм идгүй амьтдыг ингэж дэвшүүлээд байгаагаараа Монголд ямар гаж  үлгэрлэл бий болгож , ямар тэнэг жишиг угсарч , ямар дүүрчихсэн балай томилгоо хийгээд байгаагаа МАН-ынхан, Гадаад яам, Засгийн газар, УИХ , Ерөнхийлөгч, тэдгээрийг дэвшүүлж байгаа сэтэртнүүд уг асуудлыг ард түмэнд маш тодорхой тайлбарлах хэрэгтэй.  АНУ-д, Бельгид Элчин хийсэн Л.Болд, Ө.Батбаяр хоёрыг сайн ажилласан гэв үү. Үгүй л дээ, тэр хоёрын орыг жоорлож л байгаа юм, нөөцөлж. Л.Болд бол шударга тав гэгдэгсдийн нэг байснаараа л тэр албанд очсон. Ө.Батбаяр нь шударга тавын нэгээр л мөн дэмжүүлж тэнд очсон дипломат бус хүн. Ингэхээр Б.Батцэцэг сайдаас асуух юм их байдаг даа.                

 

Б.ХАНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх