Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг "оролдоод" эхэлжээ

2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон хэдийнэ эхэлж, улс төрийн намууд нэр дэвшигчдээ эхнээсээ тодруулж, дотоодын  өрсөлдөөн эхэлчихжээ. Одоогоор мэдэгдэж буй нь АН-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшихээр зэхэж, "Яаж Алтанхуягтай" подкастаа эхлүүлээд байгаа. Н.Алтанхуягийн энэхүү үйлдлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн урьтал гэдэг нь тодорхой байгаа бөгөөд тэрбээр өөрөө ч үгүйсгээгүй. Гэтэл Н.Алтанхуягийг  "Хөгжлийн банк"-ны хэрэгт олон жил шалган шүүхээс хэдэнтээ цагаатгаж шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар түүнийг "оролдоод" эхэлжээ. Тодруулбал, шүүхээс цагаатгасан хэрэгт нь прокуророос эсэргүүцэл бичсэнээр хэргийг шүүхээр дахин хэлэлцэхээр болж байна. Дөрвийн дөрвөн прокурор нэгэн хэрэгт эсэргүүцэл бичиж байсан тохиолдол үгүй. 

Уг дөрвөн прокурор бүхэлд нь эсэргүүцсэн бичгээ 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүрүүлсэн байна. Тус гомдлыг шүүх хурал тав хоногийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 10-нд товлосноор Н.Алтанхуяг нарыг дахин шүүхээр болж байна. Ял өгөхөөр ийнхүү улайрч эхэлсэн нь аанай л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой гэж уншигдаж байна. АН-аас нэр дэвших, ялах хамгийн магадлалтай нь С.Баярцогт гэж байгаа ч горилогчид олон. 

Мөн ИЗНН дотооддоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, эхний байдлаар тус намын дарга асан С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг хоёр ч удаа тавиад байгаа ба хариуг нь хүлээж байгаа гэдгийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэвлэлд ярьжээ. Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид эхнээсээ тодорч, зарим нь ил тод зарлаж байгаа бол зарим нөхөд нууцхан бэлтгэлээ хангаад эхэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх