349eb575b5da5b66a5023d7d28692890

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

13 айлыг шар усны үерээс хамгаалжээ

Баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын дулааралтай холбогдуулан шар усны үерт усанд автсан, цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага зонхиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад 2017.03.01-ний өдөр уулын цас хайлж  шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгожээ.

Мөс цөмөрч хоёр хүн амиа алджээ

 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин, Булган  аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа”  гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” хэмээх газар 2 зорчигчтой суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10  техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас найман настай А осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж 2017.03.01-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх