Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа. Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй юм.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг суллажээ. Учир нь түүнийг сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дууссан болон эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан байна. Харин Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасан байна. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх