Хоёрдугаар ангийн сурагч хүү хичээлдээ яваад эргэж ирсэнгүй

Өмнөговь аймгийн Ханбогд сумын  ЕБС-ийн  хоёрдугаар ангийн сурагч Т нь сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд нэвт сүлбэгдэж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарчээ. Хэргийн  талаар тодруулахаар хүүгийн ээжтэй холбогдсон юм. Талийгаач хүүгийн ээж “ хэрэг гарах үед би эзгүй байсан болохоор болсон үйл явдлыг хэлж мэдэхгүй. Хүүгийн минь үхлийн талаар хэвлэл мэдээллээр гаргахыг хүсэхгүй байна. Харамсалтай хэрэг. Болдог бол сайтад гарсан мэдээллийг  даруй устгаж өгөөч гэж хүссэн. Мөн хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдох хүсэлгүй байгааг минь дамжуулж өгөөрэй. Би гурван хүүхэдтэй. Талийгаач маань дундах хүү маань... Гэнэтийн золгүй явдал болчихлоо. Хүүгийнхээ амиа алдах болсон шалтгааныг цагдаа хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлгүй байна. Хэл ам хийлээ гээд хүү маань буцаад ирэх биш дээ хэмээн ээж нь ярилаа. Хүүгээ алдсан эхэд хүнд байгаа нь мэдээж. Хүүхдүүд тоглож байгаад хашаа руу авирсныг, түлхэснийг нь ч бас буруутгах аргагүй. Хүүхэд л бол хүүхэд. Чавхны чулуу шиг үсчиж явдаг жаалуудын хөдөлгөөнийг хязгаарлах эрх бас боломж ч байхгүй. Гэхдээ сургуулийн хашаанд стандарт байдаггүй юм уу. золгүй явдлаас өмнө нь ч бас тус сургуульд хүүхэд бэртэж гэмтсэн явдал тохиолдож байсныг эх сурвалж хэлсэн. Эндээс харахад, БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хашаанд стандарт хэмжээ тавьдаг, шалгадаг болмоор байна. Хэрвээ байдаг бол дагаж мөрдүүлэх тал дээр анхаарлаа тавихыг хүсье. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч, сурч боловсрох эрхтэй. Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд ч бас энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой Т.Цолмонсайхан

Сэтгэгдэл үлдээх