Л.Гансүх өлсгөлөн зарлаж магадгүй

gansuhshuuh4 Төв аймгийн прокурор  Л.Гансүхийн эхнэр хөхний хорт хавдар туссан хүнд нөхцөл байдалтай, Л.Гансүхийн биеийн байдал ч мөн сайнгүй байгаа. Хэрэв энэ удаагийн тэнсэн харгалзан суллах шийдвэр мөн л хойшилвол иргэн Л.Гансүх өлсгөлөн зарлах, өөрийн эрх зүйн байдлын төлөө дараагийн шатны тэмцэлд орохоос өөр аргагүй байдалд орж байгааг мэдэгдлээ. Нүүрс хөтөлбөрийг гардан хэрэгжүүлсний улмаас ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, гурван жил зургаан сарын хорих ялыг 2015 онд ногдуулсан билээ. Одоогоор  Төв аймгийн хорих 417-р ангид ял эдэлж байгаа юм. Тэгвэл Л.Гансүхийн хорих ялын хугацааг бууруулах нөхцөл өнгөрсөн оны 11-р сард бүрдсэн байна. Түүнийг магадлангаар суллах хүсэлтээ Төв аймгийн прокурорт түүний өмгөөлөгч Г.Баасандорж илгээсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74-р зүйлийн    74-1 дэх хэсэгт хорих ялаар шийтгүүлж байгаа ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан бол түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно гэж заасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хоёр ч удаа магадлангаар суллуулах хүсэлт гаргаж материал бүрдүүлсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор өнөөдөртэй золгожээ. Улмаар өнөөдөр төв аймгийн прокурорын газраас гурав дахь удаагаа магадлангаар суллах эсэхээ шийдвэрлэх хурал хийх байсан ч мөн хойшилсноор шийдтэй хариу гарсангүй. Ингэснээр Л.Гансүхийн эрх зүйн байдал бусад ялтнаас дордож, илүү гурван сар хоригдох нөхцөл үүсч байна.  Төв аймгийн хорих 417-р ангиас өнгөрсөн онд гэхэд хугацаанаасаа өмнө магадлангаар 185 ялтан суллагджээ. Зөвхөн 11-р сард гэхэд магадлангаар суллагдах хүсэлтээ долоон ялтан ирүүлснээс зургаа нь суллагдсан. Харин өмгөөлөгчийн чадвар тутсанаас болсон уу зөвхөн Л.Гансүхийн материал буцсан байна. Тэдгээр магадлангаар суллагдсан зургаан хүний хоёр нь хүн амины хэрэгтэй, нэг нь бага насны хүүхэд хүчирхийлсэн гэм ялтай байжээ. Ийнхүү эрүүгийн энэ мэт хүнд зүйл ангитай хүнээс эрх зүйн байдлыг нь дордуулан Л.Гансүх гэдэг утгаар нь өөр зүйл заалт тулгаж, өөр хууль үйлчилж байгаад түүний өмгөөлөгч гомдолтой байгаагаа хэлж байсан юм Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх