Шинэ засгийн газар ямар яамдтай байх вэ?

Эрх баригч нам Монгол Улсын Ерөнхий сайдаар намын даргаа дахин томилохоор санал нэгдлээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн МАН-ын Бага хурлын тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд уг саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна хэмээн Үндсэн хуульд заасан байдаг.

Ерөнхий чиг үүргийн:

 Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

 Батлан хамгаалахын яам;

 Гадаад харилцааны яам;

 Сангийн яам;

 Хууль зүй, дотоод хэргийн яам;

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

 Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;

Чиглэлийн:

 Барилга, хот байгуулалтын яам;

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;

 Зам, тээврийн хөгжлийн яам;

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

 Эрчим хүчний яам;

 Эрүүл мэндийн яам.

Эдгээр яамд дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэмэгдэх бөгөөд Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. Мөн Шадар сайдын орон тоо хэвээр байна. Засгийн газрын тухай хуульд ийнхүү 14 яам, 16 сайдтай байхаар заажээ. Эдгээр яамдаас 13 нь одоогийнхоор, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамыг шинээр байгуулахаар тусгасан байна. Засгийн газрын бүтцийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:… Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа.

Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах уу уу гэдгээ одоо ярьж байна” гэсэн байна. МАН-ын генсекийн ярьж байгаагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг хоёр хуваан нэгийг нь Соёлын яам болгох нь тодорхой байна. Харин хэнийг сайдаар томилох вэ гэдэг асуудал хараахан тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх одоогийн Засгийн газрын гишүүдээс 2-3 хүнийг л үлдээх бөгөөд өмнөх парламентаас УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй үлдсэн зарим хүнийг сайдаар томилох нь тодорхой болсон гэдэг мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх