Оройн 22 цагаас 02 цаг хүртэл бат бөх унтах хүүхдийн эрүүл мэнд өсөлт хөгжилд хамгийн их хэрэгтэй байдаг. Сүүлийн үед оройн 20 цагт хүүхдээ унтуулахыг эмч, мэргэжилтэнүүд зөвлөх болжээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд төдийгүй, эцэг эх, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Эрт унтах дадал хэвшил суугаагүй, оройтож орондоо ордог хүүхдүүд их байдаг.
Хүүхэд сайн унтаж амарч чадахгүй, эрт унтахгүй байгаа шалтгаан нь маш олон. Тогломоор санагдах, харанхуйгаас айх, эцэг эх нь унтах цагийг хэлж өгөөгүйгээс болдог. Тиймээс эцэг эхчүүд анхаарал тавьж хүүхдээ тогтмол цагт унтах дадал хэвшилтэй болгоорой.
#Ухаалаг ээжийн зөвлөгөө
Зөвлөгөө 1: Унтах цаг болсныг хэлж өгөөрэй.
Хүүхдүүд цаг мэдэдгүйтэй адил хэзээ унтаж хэзээ босохоо сайн мэдэдгүй. Тиймээс унтах цаг болсныг эцэг эхчүүд сануулж тогтмол цагт унтуулах хэрэгтэй. Зөвхөн эцэг эх унтах цаг боллоо гэж хэлэхээс илүүтэй хүүхдийн өдөр тутмын амьдралд унтах цаг болсныг түүнд ойлгуулах зүйлтэй болоорой. Тодруулбал та хүүхдийнхээ нас сэтгэхүйд тохирсон унтах цагийг сануулах зүйлтэй болох юм. Усанд оруулсаны дараа хүүхдээ тогтмол унтуулбал хүүхэд усанд орохдоо унтах цаг болсоныг ойлгох болно. Мөн унталгын хувцас өмсүүлэх, ном уншиж өгөх зэрэгт тогтмол зүйл хийхээс гадна сэрүүлэг тавьж өгсөн ч болно.
Зөвлөгөө 2 : Эцэг эх нь хамт унтаарай.
Эцэг эх нь хүүхдээ унт гэж хэлээд өөрсдөө зурагт үзэх, гар утсаа оролдох эсвэл өөр зүйл хийвэл хүүхэд ч мөн тухайн зүйлд анхаарлаа төвлөрүүлээд унтахгүй байхыг оролдоно. Тиймээс хүүхэдтэйгээ хамт унтаарай. Эсвэл унталгүйгээр хийх хэрэгтэй байгаа зүйл, яагаад хийх хэрэгтэй талаар хүүхэддээ тайлбарлан хэлж өгөөрэй. Эсвэл хүүхэд бат бөх унтсаны дараа босоорой.
Зөвлөгөө 3: Унтахын өмнө ном уншиж эсвэл үлгэр ярьж өгөөрэй.
Зурагтаа унтраагаад гэрлээ бүдгэрүүлж зурагтай, үлгэрийн ном уншиж өгөөрэй. Эсвэл улгэр ярьж өгөөрэй. Унтахын өмнө ном уншиж, үлгэр ярьж өгөх нь хүүхдийг унтах бэлтгэл хийхээс гадна оюуны том хөрөнгө оруулалт болно. Мөн хүүхэд эцэг эхийн хайр халамж, анхаарлыг мэдрээд зогсохгүй насан туршид хадгалагдах нандин дурсамж болж үлдэнэ.
Зөвлөгөө 4: Тайван унтахад зөв хооллох хэрэгтэй
Хэт их цатгалан эсвэл өлсөглөн бол хүүхэд тайван унтаж амарч чадахгүй. Унтахын өмнө хэт хүнд хоол идэх нь хүүхдэд төдийгүй том хүмүүст унтаж амрахад нь саад болоод зогсохгүй эрүүл мэндэд нь муу нөлөөтэй. Тиймээс хүүхдийнхээ унтах цагт тохируулан зөв хооллож байгаарай.
Бүлээн аяга сүү уулгах нь тайван унтахад тусалдаг. Гэхдээ унтахын өмнө хэт их шингэн зүйл уулгах нь гэдэс дүүргэж, орондоо шээх эрсдэлийг үүсгэдэг.
Зөвлөгөө 5: Унтахын өмнө хэт хөөргөж болохгүй.
Унтахын өмнө хүүхдийн сэтгэл санааг хэт хөөргөж, онгироох тоглоом тоглож болохгүй. Мөн хэт хөдөлгөөнтэй тоглоом нь хүүхдийн биед үлдсэн энергийг шавхаж өгдөг ч цусны эргэлтийг сайжруулснаар нойрыг хулжаадаг. Тиймээс эргүүлээд тайван байдалд оруулж унтуулахын тулд намуун ая сонсгох, халуун бүлээн усанд оруулах зэрэг бие тайвширч нойр сайн хүрэх зүйл хийгээрэй.
Зөвлөгөө 6: Унтахын өмнө ярилцах
Эрт унтаж эрт босохын ач тусын талаар та хүүхэддээ хэлж өгөөрэй. Хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан эрт унтахтай холбоотой үлгэрийн ном уншиж өгөх нь үр дүнтэй байдаг. Маргааш эрт босоод хөгжилтэй тоглоцгооё гэх эсвэл маргааш хийх зүйлийн талаар ярилцах нь хүүхдэд унтах хэрэгтэй гэдгийг ойлгуулах болно.
Орондоо хүүхэдтэйгээ ярилцах нь түүнийг ойлгох, дотно холбоог үүсгэдэг. Хүүхэдтэйгээ ярилцсанаар хүүхэд өдөр гомдсон, таагүй санагдсан зүйлийн талаар ярих, эргээд мэдэхийг хүссэн зүйлээ асуух цагтай болж өгнө. Сэтгэлээ онгойтол ярилцах нь хүүхдийг тайвшруулж тайван унтахад тусалдаг.
Зөвлөгөө 7: Унтах орчинг бүрдүүлж өгөөрэй.
Унтах ор, орчин ая тухтай, тааламжтай байх нь тайван унтаж амрахад тусалдаг. Унтахаас татгалзах, унтуулсан ч удахгүй босоод ирдэг хүүхэдтэй бол та орчинг нь анхаараарай. Мөн хэн нэгэнтэй хамт унтахыг хүссэн учир унтаж чадахгүй байж магадгүй. Тиймээс та дэргэд нь байхгүй ч хамт тэвэрч унтдаг тоглоом авч өгөөрэй. Эсвэл бүдэг гэрэл, зөөлөн ая тавьж өгч болно.
Ганцаараа унтдаг хүүхдүүдийн хувьд энэ их чухал. Хүүхэд, эцэг эх ч тусдаа унтах шийдвэр гаргасан бол тав тухтай айдасгүй унтах орчинг бүрдүүлж өгөөрэй.
Via Мама төв
Сэтгэгдэл үлдээх