Оксфордын вакцин бүтээгчдийн ахлах эрдэмтэн Даме Сара Гилберт “Цар тахлын вирус цаашид илүү хүчтэй болж хувьсах зам үгүй. Учир нь вирус хувьсан өөрчлөгдөх зам тийм ч олон байдаггүй юм” гэж ярьжээ.
Түүний тайлбарласнаар хүн ам дархлаажиж, вирус дархлаатай хүмүүст дахин дахин тархах тусам хөнөөлт чанар нь багассаар байдаг гэнэ. Тиймээс түүний үзэж байгаагаар цар тахлын вирус цаашид хувьсан өөрчлөгдлөө ч илүү хүчтэй болж чадалгүй, улирлын чанартай томуу шиг өвчин болж үлдэх аж.
Даме Сара энэ долоо хоногт Хатан хааны анагаах ухааны нийгэмлэгийн вебинарт оролцжээ. Тэгэхдээ тэрбээр “Вирус төрөл арилжина гэж байхгүй. Учир нь вирусийн сэртэнгийн уураг хүний эсийн ACE2 хүлээн авагчтай харилцан үйлчлэлцэж байж өвчлүүлдэг. Тэгж байж тухайн вирус хүний эсийн дотор нэвтэрдэг юм. Тиймээс вирус уургаа хэтэрхий их өөрчилчихвөл хүний эсэд нэвтрэх чадваргүй болох юм. Аливаа вирус хүний дархлааны тогтолцоонд баригдахгүй байхын тулд хувьсдаг ч халдварт өвчний вирус хэвээрээ үлдье гэвэл үнэндээ тийм ч олон боломж байдаггүй юм. Вирус илүү халдвартай болох тусам хөнөөлт чадвар нь буурдаг. Тиймээс цар тахал одооныхоосоо илүү хүчтэй болох боломжгүй” гэж тайлбарлав.
Түүний тайлбарласанчлан өдгөө дөрвөн ч төрлийн коронавирус хүн төрөлхтний дунд эргэлдсээр хэдэн арван жил болсон ч тэр бүр анзаарагддаггүй аж. Тиймээс хүмүүс аажимдаа бусад коронавирусийн адил цар тахалд ч дархлаатай болсноор Covid-19 ердөө улирлын шинжтэй амьсгалын замын халдварт өвчин болж үлдэх учиртай аж.
Сэтгэгдэл үлдээх