Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэхүү санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар:

“Тэрбум мод тарих тооцоо боломжийг салбарын эрдэмтэд Ерөнхийлөгчийн багтай сүүлийн хоёр сарын турш судалсан. Иргэд гараар нүх ухаад мод тарих тухай бодоод байх шиг байна. Одоо дэлхийд механикжсан ойн аж ахуй хөгжөөд удаж байна. Бид дэлхийн технологийн хөгжил дэвшлийг ашиглаад, тогтвортой, оновчтой бодлого хэрэгжүүлбэл тэрбум модыг тарьж чадна. Ерөнхийлөгч олон улсын тавцанд мод тарих ажлыг эхлүүлэх талаар зарлаж байгаа нь чухал ач холбогдолтой гэж судлаач хүний хувьд харж байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах, дасан зохицох вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа энэ санал, санаачилга зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд баршгүй ач холбогдолтой. Тиймээс энэ санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө иргэн бүр зүтгэх ёстой гэж бодож байна.”

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Хишигжаргал:

“Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ, ойжуулалт хийе, доройтож байгаа газар нутгаа аваръя гэж байгаа нь дэлхийн дулаарлыг тогтвортой байлгах олон улсын зорилго, зорилтуудад чиглэсэн чухал санаачилга. Ийм учраас олон улсын хэмжээнд зайлшгүй хүлээн зөвшөөрч, дэмжих санал, санаачилга гэж мэргэжилтний хувиар харж байна. Мал аж ахуй зонхилсон манайх шиг оронд мод тарьж сурах, ногоон байгууламжтай болох, бэлчээр доройтсон газраа ногооруулах, тэдгээрийг хамгаалж авч үлдэх маш том гарц гаргалгааны суурь, эхлэл санаачилга болж байна.”

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам:

“Дэлхийн хэмжээнд болон Монголын хэмжээнд аваад үзсэн ч иргэн бүр оролцмоор сайхан санаачилга боллоо гэж би хувьдаа бодож байна. Мөхсөн тэнгисийн эрэг дэх Израиль нутаг, Саудын Арабын цөлийг ногооруулснаас юугаараа дутах вэ гэж бодогдож байна. Тийм учраас манай залуучууд энэ санаачилгыг дэмжих байх. Манай монголчууд байгаль хамгаалах гайхамшигтай уламжлалтай ард түмэн. Өнөөдрийн монголчуудын дэлхий дахинд бүтээсэн хамгийн том өв бол байгаль хамгаалах өв. Энэ гайхамшигт өвийг орчин үед биологи, экологийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан шинэ Монгол Улс байгуулж болно.”

“World Garden Mongolia” төслийн санаачлагч Д.Эрдэнэчулуун:

“Ерөнхийлөгч маш тодорхой зорилго тавиад, хойноос нь явж байгаад маш их баяртай байна. Байгаль хамгаална гэдэг бол оршин тогтнох, амьд явах, эрүүл байх орчноо л хамгаалж байна гэсэн үг. Зорилго тодорхой болно гэдэг маш чухал. Монгол Улс хаашаа явах гэж байгаа нь бүх хүнд тодорхой болж байна. Байгалиа хамгаалдаг, тэрбум мод тарьдаг улс болох нь. Хамтдаа энэ зорилгод хүрнэ. Итгэж байна гээд хойш суухгүй, энэ санаачилгыг халуун дотноор хүлээн авч, бүх чадлаараа дэмжин ажиллах болно.”

ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор, “Миний клуб”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам:

“Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг “Миний клуб” дэмжиж байгаа. Бид нар 15 жилийн өмнө 1 сая мод тарих зорилго тавьж, төрийн бус байгууллага, мод тарих хүсэлтэй хүмүүстэй тасралтгүй хамтран ажиллаж, 16 газарт 1 сая 250 мянган мод тарьж ургуулсан байна. Мод тарих ийм том санаачилга бол залуучуудын, цаашлаад нийгмийн сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх чухал ажил гэж харж байна. Монгол Улсын иргэн бүр мод тарих сэтгэлгээтэй, мод тарих зөв үзэл бодолтой байвал 1 тэрбум байтугай 10 тэрбум мод тарих зорилт байж болно. Тиймээс энэ санаачилгыг үндэсний хөдөлгөөн болгож нэгдэн оролцохыг уриалж байна.”

Нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч, “Миний клуб”-ын гишүүн М.Нарангэрэл:

“Би “Миний клуб”-д элссэнээс хойших нэг жилийн хугацаанд 50 орчим мод тарьсан. Мод тарих явцдаа байгальтай ойр байж, хажуугаар нь их зүйлийг сурч мэддэг. Бид нар тэрбум мод тарих зорилтод хувь нэмрээ оруулах юм бол Монгол Улсын агаарын бохирдол буурна, хүчилтөрөгч нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн сайн дурынхны үйл ажиллагаагаар тэрбум мод тарихгүй байх. Мэргэжлийн баг хамт олон зохион байгуулалттайгаар, тогтвортойгоор ажиллавал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна.”

ИЗИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Ч.Ундрал:

“Мод тарьж байхдаа хүн гишгэхээс хамгаалж тойруулан чулуу тавьдаг. Дараа нь тарьсан модон дээр маань хүн гишгэсэн байхыг харахад сэтгэл дундуур байдаг. Гэхдээ бидний тарьсан мод байгаль орчинд хүчилтөрөгч бэлэглэнэ гэж бодоход үнэхээр сайхан санагддаг. Өнөөдрөөс тарих тэрбум модны сүүдэрт олон хүүхэд тоглож өснө.”

ШУТИС-ийн оюутан, “Миний клуб”-ын гишүүн Б.Бумантогооч:

“Тарьсан мод маань ургаад ногоорсон байхыг харахад их гоё мэдрэмж авдаг. Биднийг Богд ууланд мод тарьж байхад хажуугаар алхаж явсан хүмүүс дэмжиж, өөрсдөө нэгдээд бидэнтэй хамт мод тарьж байсан нь сайхан санагдсан. Хүн бүр нэг санаатай байвал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна. Бид чадахгүй хойшлуулаад байвал хэзээ эхлэх вэ, зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлаар бүхнийг харах биш, хүүхэд залуус энэ дэлхий дээр үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бодож энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.”

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Slnwos

lipitor 20mg ca <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pill</a> lipitor 40mg without prescription