Хууль, шүүхийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг 2021 оны нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтан П.Чулуунбаатар нарын дүрс бичигдсэн.
Эдгээр шүүгчдэд энэ оны тавдугаар сарын 25-ны шүүхийн магадлалаар сахилгын шийтгэл ногдуулахаар болсон. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны уг магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Тодруулбал, шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийсэн үндэслэлээр З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болов.
Дашрамд дурдахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлаар тавдугаар сард Монголын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн зөвлөл хуралдаж түүний өмгөөлөх эрхийг эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
Болсон хэрэг явдлын талаар тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/ “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсч байна. …Эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна" гээд дээрх бичлэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдэж байв.
Сэтгэгдэл үлдээх