У.Хүрэлсүх: Шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган”-ыг нээж хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” хэмээн заасан байдаг.

Энэ заалтын хүрээнд өнөөдрийн энэ чуулганыг санаачлан зохион байгуулж байна.

Монголчууд бид хууль цаазын өнө эртний уламжлалтай, эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэ эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүхтэй.

Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг жамтай. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.

Энэ удаагийн үндэсний чуулганыг “Шударга ёс, Хүний эрх, Хуулийн засаглал”  нэрийн дор зохион байгуулж байна.

Ард иргэд, олон нийтийн зүгээс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж, шүүх эрх мэдэлд итгэх итгэл алдарч байгаа талаар олонтоо ярьж, бичдэг боллоо.

Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс шаардаж байна.

Нийгэмд шударга ёс тогтоох эрхэм үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид Та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чандлан сахиж байж сая нийгэмд шударга ёс тогтоох тухай асуудал яригдана.

Ийм учраас хууль дээдлэх ёс, хуульчийн ёс зүй бол Та бүхний баримтлах ёстой хамгийн гол үнэт зүйл, зарчим мөн.

Та бүхнээс шударга ёс юуг нэхдэг вэ? гэвэл шударга зан төлөв, шударга үйл хэрэг, шударга үйлдэлийг нэхдэг. Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.

Хуулийн байгууллага, түүний алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажилдаа чин шударгаар хандан, хичээн зүтгэж чадах аваас ард түмнийхээ хүндэтгэл хайрыг хүлээж, итгэл, дэмжлэгийг авах болно.

Хуулийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хязгаарыг давж үл болох бөгөөд хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гол үүрэгтэй.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө “хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

“Хүн биш хууль засаглана” гэдэг бол гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан, хуулийн гажуудал гаргахгүй, төрийн хуулийг чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хичнээн сайн хууль гаргасан ч хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтний сонирхол, хүсэл даалгаварт нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагласан хэвээр байгаатай агаар нэг юм.

Цаашид бид нийгэмд шударга ёс тогтоож, хүний эрхийг хангаж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг бүрэн хийж дуусгахад дараах зүйлд анхаарах хэрэгтэй.

Хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээж, хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай байна.

Хуулиар хориглоогүй гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар олон нийтэд мэдээлэх ажил хангалтгүй байна. Үүнээс шалтгаалан хуулийн байгууллагуудын гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд ард иргэд эргэлзэх, “хууль, шүүхийн байгууллага ард иргэддээ хаалттай, ил тод, нээлттэй биш байна” гэсэн шүүмжлэл гардаг.

Иймээс гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн  талаар цаг алдалгүй үнэн бодит мэдээллийг өгч, амин харилцаатай байх нь иргэд, олон нийт, хуулийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд чухал үүрэгтэй.

Иймээс хуульчдын зарим нэг уламжлалт хандлага, ажлын арга барилыг өөрчлөх, ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн үнэт зүйл, шаардлага, зарчимд нийцүүлэн оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлснээр шүүхийн шинэтгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ. Энэ шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хийх шаардлагатай байна.

Энэ нь прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлээр үргэлжлэх учиртай.

Прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагаа гагцхүү хуульд нийцэж байж шүүхийн шинэтгэлийн үр дүнг бид үзнэ. Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг, гэмтэнд цээрлэл үзүүлдэг байх ёстой.

Энэ хүрээнд процессын шударга ёс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн шинэтгэлийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хийх хэрэгтэй байна.

Өнгөрсөн 30 жилд бид хуульч бэлтгэх тогтолцоо, хуульчдын оюун санаа, сэтгэлгээг хөгжүүлэх бодлогод бага анхаарч иржээ.

Иймд тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэн гаргаснаар шүүхийн шинэтгэл нэг мөр хийгдэнэ.

Түүнчлэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд нийгмийг эрх зүйн боловсролоор соён гэгээрүүлэх, ард иргэдээ ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хуулиа дээдэлж, сахин биелүүлдэг болгон төлөвшүүлэхэд Та бүхний үүрэг, манлайлал чухал гэдгийг цохон тэмдэглэе.

Нийгэмд шударга ёс тогтоох амаргүй бөгөөд хариуцлагатай албанд та бүхэн хамтдаа зүтгэж байгаа. Та бүхний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хууль дээдлэх зарчим дээр Монгол төр оршин тогтнодог.

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын ажил мэргэжлийн хүнд хэцүү, амаргүйг манай ард түмэн бас ойлгон мэдэрдэг.

Та бүхэн эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэндээ умартан,  цаг наргүй, нойр, хоолгүй зүтгэдэг.

Бид цэрэг эрсээ ард түмнийхээ энхийн манаанд зогсож байгаа хэмээн хүндлэн дээдэлдэг. Тэгвэл Та бүхэн ард түмнийхээ шударга ёсны манаанд нүд цавчилгүй зогсож буй дайчид юм шүү.

Хууль дээдэлж, шударгаар ажиллаж буй Та бүхнийгээ Монгол төрийн тэргүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжих болно.

Та бүхний ажил, амьдралын хэвийн нөхцөлийг хангахуйц нийгэм, эдийн засгийн баталгааг бий болгох, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын материаллаг бааз, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, аливаа хууль бус нөлөөлөл, оролдлогоос хамгаалах зэрэг олон асуудалд анхаарч, хамтран ажиллах болно гэдгээ хэлье.

Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмэн гэдгийг үргэлж санаж яваарай.

Шударга бусын шуурга исгэрч, халуун зүрхийг тань хайрсан ч зөвхөн шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gunwpn

lipitor 20mg cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg cheap</a> atorvastatin 10mg us