Өнөөдөр: 2024-03-28

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг Дарханы арьс ширний аж үйлдвэрийн паркийн даргаар томилжээ

Төрсөн нутаг болох Увс аймгаас УИХ-ын өнгөрөгч сонгуулиар нэр дэвшсэн ч тойргынхон нь итгэл хүлээлгээгүй БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг Монгол ардын нам мартсангүй өнгөрөгч 9 дүгээр сард Дархан-Уул аймагт арьс ширний аж үйлдвэрийн паркийн даргаар томилжээ.

Сайдын албан тушаалд байхдаа хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендерүүдийг хэд хэдээр нь авч, ЖДҮ-чин нэр зүүсэн түүнд Увсынхан итгэл үзүүлээгүй. Түүний хүүхдийг төрүүлэхээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Солонгос улс руу явлаа гэх мэдээлэл “Гранд” сэтгүүлийн нүүрэнд гарсан нь сошиалд шуугисан ч уг сэтгүүлийг тэд шүүхэд өгч маргаан өрнөсөн байдаг.             

Өнгөрөгч оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай салбарын сайдыг нь дагуулан явж танилцсан. МАН хаана хөрөнгө оруулалт хийгдэж ашигтай ажиллагаа явагдаж байна тэнд хүнээ томилдог бялуу хувааж, ашиг хүртдэг тогтсон заншилтай болсон. Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа У.Хүрэлсүх нь кабинетийнхээ гишүүн, ЖДҮ-чин сайд Н.Цэрэнбатдаа хариуцлага тооцоогүй бөгөөд энэ удаад Дархан-Уул аймаг шинжлэх ухаан, технологийн инноваци бүхий томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгож хөгжүүлэх их ажлыг даалгажээ.

Жилдээ 10 мянган тонн ноос боловсруулах бөгөөд шууд 3000 гаруй ажлын байр бий болгож, 180 гаруй мянган малчныг ажилтай, орлоготой болгох гээд байгаа энэ том ажилд ЖДҮ-гийн зээлээс хумсалдаг сайд байсан хүнийг томилох нь баялагтаа эзэн монголчуудыг бий болгож чадах уу?                              

Цогцолборын хүрээнд бог, бод малын арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр, эсгийний үйлдвэр, судалгаа хөгжлийн инновацийн төв, желатин уурагийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэргээр баригдах тухай төлөвлөгдсөн хөдөлмөр, хөрөнгө шаардагддаг чухал ажлыг хариуцлагагүй хүнд өгөх нь МАН-ын залгамж бодлого уу? Зүгээр л бялуу хуваах зарчимаар хийдгдсэн томилгоо юу?