НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар оролцсон юм.
НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж буй дуудлагын 205 нь угаарын дуудлага байсан бол бусад дуудлага нь даралт ихсэх, толгой өвдөх гэх мэт өөр шалтгаантай байна” хэмээв.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул:
-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд, хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий” гэлээ.
“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Иргэд гэр, байшингийнхаа дулааныг алдахгүйн үүднээс яндангийн хаалтаа хаах нь олон. Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй. Хаалт, сойлт хэрэглэх нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжгүй арга юм. Мөн “Таван толгой түлш” ХХК-аас айл өрхүүдийн угаар мэдрэгчид нэмэлтээр дамжуулагч суурилуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй айл өрхөд дамжуулагч суурилуулсан. Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио манай хяналтын дэлгэцэд ирсэн. Энэ бүрд бид тухайн айл руу холбогдож, 24 цагаар хяналт тавьж байгаа” хэмээн онцоллоо.
“Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Мөн зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийн янданг хөөлөх зорилт тавьснаас одоогоор 3005 айл өрхийн янданг хөөлжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх