Комедиан Д.Амартүвшинг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр боллоо.
Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулагдах үеэр Д.Амартүвшинд "Гамшгаас хамгаалах тухай хууль" зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Улмаар шүүхээс Д.Амартүвшинд 500.000 төгрөгөөр торгожээ.
Энэ талаар тэрбээр “Долдугаар сард хэргийн материалтайгаа танилцан, дараа сард нь шүүх хурал болсон. Нотлох баримтын шаардлага хангагдаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурал 14 хоногоор хойшилсон. Тухайн үед чив чимээгүй болчихоод гэнэт өнгөрсөн нэг дэхэд хийх тов гарсан. Хэргийн материалтай танилцаагүй гээд би хойшлуулах санал гаргаад, өнөөдөр боллоо.
Нотлох баримт дутуу хэвээрээ, мэдүүлэг авсан хүнийн гарын үсэг ч үгүй байхад намайг шүүгээд 500.000 төгрөгөөр торголоо. Нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтуудыг үндэслэсэн. Би хуулиа дээдэлдэг. Хуулиа дагна. Би тухайн үед олондоо 60 хүн цуглуулж, гурван метрийн зайтай зогссон. Гэтэл тэр жагсаалаас хойш хэдхэн хоногийн дараа юу болсон билээ. Хэчнээн хүн цуглуулсан бэ. Сайд, дарга нар иргэдийг хэдэн зуугаар цуглуулаад, арга хэмжээ хийж, коронавирус тараасан. Тэгсэн мөртлөө иргэд жагсаж, цуглаж болдоггүй. Хэрэг хуучирдаггүй. Хэдэн мянган хүн цуглуулж, коронавирус тараасан сайд, дарга нарыг ч мөн 500.000 төгрөгөөр торгох хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх