Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төсөл, 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулан хэлэлцүүлэв.
“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм. Энэхүү төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг дунд болон богино хугацааны бодлогын баримт бичиг, зорилтуудад нийцүүлсэн байна. Мөн доороос дээш төлөвлөлтийн зарчмыг баримталж, нутгийн захиргааны 90 байгууллагаас 753 санал авч нэгтгэжээ. Уг төлөвлөгөө нь:
- Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого
-Хүний хөгжлийн бодлого
-Эдийн засгийн бодлого
-Засаглалын бодлого
-Ногоон хөгжлийн бодлого
-Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэсэн долоон бүлэгт багтсан 22 тэргүүлэх зорилт, 522 арга хэмжээнээс бүрдэж буй юм.
“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж сургалт зохин байгуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг НЭМГ, түүний харьяа 29 байгууллага, 154 Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 2754 эмнэлэг, клиник сувилал, эмийн сангууд үзүүлж байгаа юм. Эмч сувилагчийн харьцаа алдагдаж, сувилагчийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн тодотгож байв. Нэг эмчид 273 иргэн, нэг сувилагчид 379 иргэн ногдож байна.
Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудад хүргэх нь бас нэгэн чухал зорилт байсан юм. Хот орчимд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн амыг хүнсний хангамжийг сайжруулах цахилгаан хангамжийг нэмэгдүүлж гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдийг гэрэл цахилгаанд холбох, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийг эхлүүлэх зэрэг зорилтуудыг багтаасан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 10.2 км автозам барих, түгжрэлийг 15 хувиар бууруулах гэхчилэн тулгамдсан асуудлуудыг мөн багтаажээ.
Сэтгэгдэл үлдээх