Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын үеэр “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” сэдвийн хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам”-ын талаар илтгэл тавив. Улмаар авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот болгох шийдэл, төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Ойрын хоёр жилд Улаанбаатар хотын түгжрэлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2020 оны байдлаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Цаашид ямар ч арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд ДНБ-ий 18 хүртэлх хувийг түгжрэлд алдах тооцоо бий. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулахаар олон ажил хийж байгаа. Мөн Засгийн газарт Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Нийтийн тээврийн хувьд масс транзит нэвтрүүлэх шаардлагатай хэмжээнд хүрсэн. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нийслэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөнгөн галт тэрэгний зорчилтын эрэлтийн тооцоо, маршрут дээр удаан судалгаа хийсний дүнд хөнгөн галт тэрэгний трансыг боловсруулсан. Мөн явган замыг сайжруулах, гарааш, хашаа, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх болно. Улаанбаатарыг машинд ээлтэй хотоос, явган хүнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр ЖАЙКА-гийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Эрико, Дэлхийн банкны Зам, тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нора Рабефанирака, Азийн хөгжлийн банкны Хотын байгуулалт хариуцсан мэргэжилтэн Арнауд Хекман нар тус сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Форумын төгсгөлд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн хугацаанд буюу зах зээлд шилжсэн 30 жилийг харахад маш том алдаа гаргаж байжээ. Бид зөвхөн тулгамдсан асуудлынхаа хүслийн жагсаал гаргасан юм байна. Одоо Монгол Улсын Засгийн газар, Хотын дарга, НИТХ бүгд нэг зүг рүү харсан гэж хэлж болно. Өнөөдрийн нэг чухал сэдэв бол түгжрэлээ бууруулах үүднээс замын сүлжээ, нийтийн тээврийн сонголтуудыг өргөжүүлж, үүгээр дамжуулан дагуул хотуудаа хөгжүүлэх тухай байлаа. Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хот өнөөдөр өөр түвшинд очсон. Өмнө нь буцалтгүй тусламж гуйдаг байсан бол одоо хөрөнгө оруулахыг хүсэж байгаа. Харилцаа, хамтын ажиллагаа, үр дүнд хүрсэн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Улаанбаатар хот руу чиглэсэн бүх хөрөнгө оруулагч нарт манай үүд хаалга нээлттэй гэдгийг дахин илэрхийлье” хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх