Хонь
Гараг эрхсийн давхцал таныг хөглөж, энэ долоо хоногт эрч хүч дүүрэн байх төлөвтэй. Анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрч, ажлын бүтээмж өснө. Хийх ёстой ажлуудаа төвөггүй хийж дуусгах нь ээ. Энэ долоо хоногт гэр бүлдээ цаг зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.
Ялангуяа хайртай дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ уудалж ярилцаарай. Долоо хоногийн санхүүгийн байдал тогтвортой байх ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Ах дүүсийн дундах эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ.
Үхэр
Таныг эерэг сар ивээх тул долоо хоногийг сэтгэл тайван, итгэл төгс угтана. Долоо хоногийн эхээр удаан уулзаагүй найзтайгаа тааралдах нь ээ. Бусадтай эелдэг харьцвал олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг од эрхэс сануулж байна.
Шинэ орлогын эх үүсвэртэй болно. Энэ долоо хоногт ажлын өрөөгөө тохижуулах, гэртээ засвар хийхэд ээлтэй. Хооллох зуршилдаа анхаарч, идэж буй хоол хүнсээ болгоомжтой сонгоорой. Эс бөгөөс ходоодны өвчлөлд өртөх магадлал өндөр байна.
Ихэр
Долоо хоногийн эхээр ажлын ачаалал ихтэй завгүй байх ч та ажрахгүй давна. Учир нь эерэг сарны нөлөөгөөр таны дотоод хүч сэлбэгдэж, хийж бүтээх хүсэл эрмэлзэл оргилох болно. Бизнесийн шинэ түнштэй болж, гэрээ үзэглэх нь.
Энэ нь ойрын ирээдүйд ашгаа өгөх төлөвтэй. Ажил горилогчдод ээлтэй долоо хоног байна. Хүүхдийнхээ хичээл сурлага болоод чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйд онцгой анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна.
Мэлхий
Та долоо хоногийн эхээр сөрөг сарны нөлөөн дор байх тул сэтгэл зовнил, нойргүйдэл, эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс өөртөө болон гэр бүлдээ анхаарах цаг гаргаарай. Уур уцаараа хянаж, бусадтай хэрэлдэж маргалдахаас зайлсхий.
Ялангуяа хосууд маргалдвал гэр бүлийн харилцаанд сэв сууж, сөрөг энерги таныг хүрээлэх болно.
Долоо хоногийн санхүүгийн төлөв тийм ч таатай харагдахгүй байна. Долоо хоногийн сүүлээс нөхцөл байдал дээрдэх учиртай.
Арслан
Арслангийн ордныхон шинэ долоо хоногийг аз жаргалтай угтана. Долоо хоногийн эхээр танд олон зүйл зүүдлэгдэх учиртай. Зүүдээ манаж, тайлал олохыг хичээгээрэй.
Ажил, бизнес урагштай байх бөгөөд энэ долоо хоногт орлогын шинэ эх үүсвэртэй болно.
Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтууд ашгаа өгч эхлэх нь ээ. Ажил ундарсан өдрүүд үргэлжлэх тул гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс болох нь. Өрсөлдөгч болон дайснуудаа ажиглаж, хяналтдаа байлгахыг хичээгээрэй.
Охин
Гараг эрхсийн давхцал охины ордыг ивээж, амжилт бүтээл харамгүй хайрлана. Бизнесүүд захиалгадаа дарагдаж, завгүй ажиллах нь ээ.
Та энэ долоо хоногт ажил карьерын томоохон үсрэлт хийхэд бэлэн байгаарай. Учир нь дарга удирдлагууд тань таны хичээл зүтгэлийг үнэлж, тушаал дэвшүүлнэ.
Долоо хоногийн дундаас стресст өртөх магадлал өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгөх тул санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй.
Жинлүүр
Өнгөрсөн долоо хоногийн бүтэлгүйтэл ард үлдсэн тул энэ долоо хоногийг сэтгэл тайван, эрч хүчтэй угтаарай.
Ажлын хамт олонтойгоо найрсаг харьцвал эерэг орчин бүрдэж, бүтээмжтэй ажиллаж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарч, цагийг хамт өнгөрөөхөд таатай долоо хоног байх төлөвтэй.
Ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэнэ. Ганц бие залуус найзынхаа тусламжтайгаар хосоо олно гэдгийг од эрхэс шивнэж байна.
Хилэнц
Долоо хоногийн эхээр хилэнцүүд сөрөг сарны нөлөөн дор байх тул сэтгэл гутрал, таагүй мэдрэмжүүдтэй нүүр тулж мэднэ.
Энэ нь таны сэтгэлзүйд нөлөөлж, гэр бүлийн харилцаанд ан цав суулгаж мэднэ. Тиймээс уур уцаараа хянаж, бусдыг гомдоох үг хэлэхгүй байхыг од эрхэс сануулж байна.
Жолоо барихдаа анхааралтай байж, хурд хэтрүүлэхээс зайлсхийгээрэй. Гэр бүлийн бизнесүүд амжилттай явна. Долоо хоногт таны санхүүгийн байдал тогтворжино.
Нум
Гараг эрхсийн давхцал нумын ордныхныг ивээх тул энэ долоо хоногт олон сайхан зүйлс тохиолдоно.
Гэр бүлийнхэнтэйгээ цаг гарган ярилцаж, сэтгэлээ уудлаарай.
Бизнесээ тэлж, шинэ хамтрагчтай болохоор шийдсэн бол энэ долоо ээлтэй байх учиртай.
Хууль шүүхийн маргаанд ялах магадлал тун өндөр. Эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулаад хэрэггүй. Ойрын ирээдүйд алдагдал хүлээж мэднэ.
Долоо хоногийн сүүлээр шашны газраар зочлох нь ээ.
Матар
Матрын ордныхон шинэ долоо хоногийг сэтгэл тайван, эрч хүчтэй угтаарай.
Өвөг дээдэс тань таны замыг гэрэлтүүлж байх тул ямар ч саадыг төвөггүй даван гарна. Сэтгэлийг таны зовоож байсан эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ.
Зөвхөн зорилго мөрөөдөлдөө төвлөрч, үр бүтээмжтэй ажиллавал тушаал дэвшихэд ойрхон байна. Шөнө дөлөөр гадуур явах, машин барихаас зайлсхий.
Барилга болоод үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулбал алсдаа үр ашгаа өгнө.
Хумх
Хумхын ордныхон энэ долоо хоногийг өөртэйгөө ажиллаж, өөрийгөө танин мэдэхэд зориулаарай.
Алдаа дутагдлаа анзаарвал сэтгэлийг таны зовоож байсан асуудлууд шийдэгдэж, өөрийгөө өөрчлөх эхлэлийг тавина. Карьерээ дээшлүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олж авах боломж гарвал битгий алдаарай.
Чухал шийдвэр гаргахдаа өөрийгөө сонсож, зөн совингоо дагахыг од эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт ажил горилогчид тохирсон ажилдаа орно.
Загас
Сөрөг сарны нөлөөгөөр загаснууд шинэ долоо хоногийг таагүй угтах төлөвтэй.
Ажил болоод амьдрал тань таны “санаанд хүрэхгүй”, сэтгэл ханамжгүй байгаа мэт мэдрэмж төрөх нь ээ. Хийх ёстой зүйлсээ дарамт мэтээр хүлээн авч мэднэ.
Энэ үед тэвчээртэй байж, зорилгоосоо ухрахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Энэ долоо хоногт эцэг эхийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулаарай. Бизнес болоод эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулахаар зэхсэн бол түр азнаарай.
Сэтгэгдэл үлдээх