Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний нэр хүндийг удаа дараа унагаж, хээл хахууль, залилан мэхлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож байсан ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Ц.Жавхланбаатарын толгойг Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан нар илсээр байна.
Ц.Жавхланбаатарын хувьд ЗХЖШ-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн нэгэн агаад энэ оны нэгдүгээр сарын 15-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ агсам тавьж хутга барин эхнэр рүүгээ дайрч “ална” хэмээн заналхийлсэн талаар бид мэдээлж байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулаад маргааш нь Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн торгох шийтгэл ногдуулсан байдаг. Генерал цолны нэр хүндийг унаган удаа дараа хэрэг зөрчилд холбогдсон түүнд Батлан хамгаалах яамныхан хариуцлага тооцоогүй бөгөөд ҮБХИС-ийн захирал нь хайцаалсаар сануулах шийтгэл ногдуулах санал гаргасан аж.
Харин ҮБХИС-ийн зарим удирдах албан тушаалтан нь “Хутга барьж эхнэрээ айлган сүрдүүлсэн хүнд сануулах шийтгэл ногдуулах нь буруу” хэмээснээр Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Ц.Жавхланбаатарын цалинг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах хариуцлага хүлээлгэсэн байна. Ийнхүү нэг нь шийтгэсэн болж, нөгөө нь шийтгүүлсэн нэр зүүж буй нь генерал цол, түүнд цэргийн дээд хэргэм хүртээсэн Төрийн тэргүүн, цаашлаад зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын нэр хүндийг улам л унагаж байна.
Бригадын генерал Ц.Жавхланбаатар өмнө нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-т шалгуулж байсан нэгэн бөгөөд ЗХЖШ-ын I орлогч даргаар томилох болоход “ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн бичиг хэн нэгний нөлөөгөөр бичүүлж, хэргийг нь ч прокурорууд хэрэгсэхгүй болгож байсан юм.
Сэтгэгдэл үлдээх