Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Харин хохирогч нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилж “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" гэж эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.
Харин зүйл ангид дахин өөрчлөлт оруулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган шүүхэд шилжүүлэх, цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг гуравдугаар сарын 10 -ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүх 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан саналыг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт,
- мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтыг тус тус үндэслэн цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл үлдээх