Нарны баяр-Наурызын баяр өнөөдөр тохиож байна.
Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монголын ард түмэн казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг.
Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрх Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг угийн ёс жаягаар нь, өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ.
Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.
Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэж эхэлжээ.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг.
Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.