Нийслэлд цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна

“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлгийг БШУЯ-нд өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, дүүргүүдийн боловсролын хэлтсийн ажилтнууд болон  Хувийн цэцэрлэгүүдийн холбоо ТББ, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны алдаа оноог тал бүрээс нь хэлэлцэв.

Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцолсон. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдгөө 170 орчим цэцэрлэг ашиглалтад орж байгаа юм. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж сайжирна гэсэн үг биш, учир нь жил тутамд 40 мянга гаруй иргэн нийслэлд шилжин ирж буйг хэлэлцүүлгийн үеэр тодотгосон. Цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах аж.