“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 11-нд 18.00 цагаас болохоор тогтжээ.
“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж
- “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал,
- “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.
“Гэгээн Муза-16” наадмаас эхлэн театрын судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, залуу судлаачдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Урлагийг хүртээх - урлаг” төслийг санаачлан хэрэгжүүлж наадмын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д зохион байгуулагдана.
Монгол, ОХ-ны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм.
Наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаран уран бүтээл ирж, 20 бүтээл шалгарч хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн 5 төрөлд нэр дэвшиж байна.