Боловсрол, шинжлэх ухааны яам, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран ЕБС болон, цэцэрлэгийн багш нарын дипломонд шалгалт явуулсан. Сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломын асуудалд шалгалт хийсэн талаарх үр дүнг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр " Өнгөрөгч онд Архангай аймагт хүүхэд зодсон багш дипломгүй байсан асуудал хөндөгдсөн. Иргэдээс ч гомдол санал ирдэг. Бид энэ шалгалтыг зургаан сарын хугацаанд хийлээ. Энэ шалгалтыг зогсоох, ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах, мөн 400 гаруй хуурамч байж магадгүй гэсэн цаасан бичиг баримт яамнаас алдагдсан. Энэ амралтын өдрүүдэд бичиг баримт, компьютерын хард алга болсныг онцлон хэлье. Эмч хүн алдаа гаргавал нэг хүний амь нас эрсэднэ. Багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглоно.
Нийт СӨБ болон ЕБС-ийн хэмжээнд 71 мянган дипломоос 59 мянган дипломыг нягтлан шалгасан. Үүнээс 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон. Цаана нь хоёр мянган сэжигтэй бичиг баримт байна.
Зөрчлүүдийн ихэнх нь цэцэрлэгийн болон бага ангийн багш нар байна.
Гарсан зөрчлийг ангилбал:
Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан 454 зөрчил байна. Гарын үсэг, дугаар давхцсан гэх мэт. Жишээ нь Боловсролын их сургуулийн бакалаврын 131 дугаартай дипломыг гурван хүн олгосон байна.
Хоёрдугаарт, Бүртгэлгүй диплом ашигласан зөрчил 139 байна. Хуурамч диплом дээр дугаар олгосон, тэр нь систем дээр бүртгэгдээгүй. БШУЯ-аас олгогдоогүй болон өмнө нь хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн хэрэг гэсэн үг.
Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн зөрчил. Элсэлт, төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичиж өгсөн. Завхан аймгийн сумдад гэхэд л 20 гаруй хүүхдэд суралцаагүй байхад нь диплом бичиж олгосон явдал гарлаа. Мөн Газарчин дээд сургууль ийм зөрчил их гаргасан.
Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон нэгдсэн бүртгэл, системд хуурамч буюу зөрчилтэй дипломын дугаарт шивэлт хийж баталгаажуулсан явдал гарлаа. Боловсролын салбарт гэмт хэргийн сүлжээ үүссэн байна гэж хэлж болно. Нэг хэсэг нь хуурамчаар үйлдэж, нөгөө хэсэг нь систем дээр баталгаажуулдаг . Энэ бол Эрүүгийн хуулийн зөрчил учраас 774 зөрчлийг ЦЕГ-т шилжүүллээ" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх