Владимир Путин Бээжинд ирлээ

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн тусгай хөлгөөр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрбээр "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт, бусад холбогдох арга хэмжээнд оролцох юм. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын "Бүс ба зам" форум нь 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо эхлэж байгаа юм. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар ирсэн Владимир Путин дээд хэмжээний уулзалтын гол зочин байх аж. Путин өмнөх бүх форум буюу 2017, 2019р онуудад зохион байгуулагдсан арга хэмжээнд ч оролцож байв. Харин өнгөрсөн жилээс хойш анх удаа Хятадад айлчилж байгаа нь энэ бөгөөд 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д Өвлийн олимпын нээлт болоход Владимир Путин ёслолын арга хэмжээнд оролцож байлаа. ТАСС агентлагийн мэдээлснээр, олон улсын форумд дэлхийн 23 орны төрийн тэргүүн оролцож байгаа аж. Владимир Путин 10 дугаар сарын 17-ны өдөр Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, Таиландын Ерөнхий сайд Сеттха Тхависин нартай уулзах юм байна. Цаашлаад 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй хоёр талт хэлэлцээр хийх аж. Түүнчлэн Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах юм байна.