Автомашины түгжрэл жолооч нарыг бухимдуулахаас гадна автомашины замаар яваа унадаг болон цахилгаан дугуйтай залуус тэр дундаа хүүхдүүд явах нь түгшээх болсон. Хажуугаас гэнэт гарч ирэх, ялангуяа шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад дугуйтай зорчих нь ихээхэн эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймдээ ч энэ төрлийн осол аваар гарах нь ихэсч, бага насны хүүхдүүд бэртэж, гэмтэх нь эрс нэмэгджээ. 2022 онд гэхэд л унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явсан 89 хүн автомашинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хэдийгээр дугуйн замтай гэдэг ч шаардлага хангахгүйн дээр явган зорчигчид ихээр зорчдог учраас залуус цаг хожихын тулд автомашины замаар явах нь элбэг. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахдаа хамгаалах хэрэгсэл ялангуяа толгой, өвдөгний хамгаалалттай зорчуулж, сонор сэрэмжтэй байхыг захиж, анхааруулж байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.