ТӨЛБӨРТЭЙ БҮС ТОГТООЖ, СЭЛБЭ ДЭД ТӨВД 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Хотын дарга Х.Нямбаатар томилогдоод 20 гаруй хоногтойгоо золгож байна.  Ажлаа авахдаа тэрбээр "давс мэт шорвог" шийдвэр гаргана хэмээж байв. Түүний давс мэт шорвог ажил нь түгжрэлийг бууруулах багц хуулийн төслөөс эхэлж байна. Энэ нь хотын төвийн зогсоолуудыг шийдэх, бүсчлэн татвар тогтоох, автомашины нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх зэрэг олон ажил хийхээр төлөвслөснөө танилцууллаа. . Тэрбээр нийслэлийн ойн өдрөөр нийслэл хотод тулгамдаж буй асуудлаас хэрхэн ангижрах талаар төлөвлөгөө танилцуулав. Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хотын төвийн бүсийг төлбөртэй болгож, гэр хорооллыг орон сууцжуулах дөрвөн сэдвийг онцлов.Үүнд, 

ТӨЛБӨРТЭЙ БҮС ТОГТООЖ, СЭЛБЭ ДЭД ТӨВД 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Тэрбээр: 

  • Ойрын хугацаанд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төслүүдэд тусгасан. Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлах бодлого барихгүй. Автомашины дугаар эзэмшигчид дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү тухайн иргэн өөрөө шинэ машин авах тохиолдолд өөрийнхөө эзэмшиж буй авто машиныг хөдөө орон нутагт худалдаалах, автомашинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирнэ.
  • Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хийнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой олон улсын тендерийг зарласан. Ирэх арваннэгдүгээр сарын 24-ны өдөр тендер шалгаруулах төлөвлөгөөтэй. 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар парк шинэчлэлийг хийнэ.
  • Улаанбаатар хотын арын өндөр дэнжүүдийг авто замаар бүрэн холбох, дунд оврын эргэлтийн автобусыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.
  • Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, авто замын зохицуулалтыг 2024 онд хийнэ.
  • Авто замын сүлжээг өргөсгөх, кольцо тойрог замыг өргөсгөх төлөвлөлтийг хийх зардлыг ирэх оны нийслэлийн төсөвт тавих төлөвлөлт хийнэ. Зураг төслийн ажлууд ид дундаа орж байна.
  • Иргэд торгуулиа төлөх, авто зогсоолын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг шаардана.
  • Төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирнэ. Эхний ээлжид, Баруун 4 замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно. Төлбөртэй бүсэд орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчимд төлбөргүй зогсоолуудад машинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй, скүүтэр гэх мэтээр явах хангах бэлтгэл ажлыг хийж байна.
  • Улаанбаатарт гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх бодлогыг дэвшүүлж буй. БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компанитай нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг судалж, танилцуулах асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулна. Метроны асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахална.
  • Гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулна. Гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн дэд бүтцэд суурилж, газар чөлөөлөлтийг хийж цогцоор нь хөгжүүлнэ. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дууссан. Бусад дэд төвүүдэд дэд бүтэц хийх, инженерийн шугам сүлжээ татах ажил хийж байна. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц босно. Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц босно. Сая өргөн барьсан хуулиар газар чөлөөлөлттэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгасан гэв.