Налгар намар налайсан ч арваннэгдүгээр сар гарснаар хүйтний эрч чангарч, дүн өвөл айсуй. Энэ нь нийслэлчүүдэд таатай мэдээ биш. Учир нь, гэр хорооллын айл өрхийн галлагаа эхэлснээр хоолой гашуун оргиулсан утаа ихэсч, угаартсан хүний тоо нэмэгддэг. Хүйтрэхээс өмнө, хасах градус руугаа орж амжаагүй байхад 53 хүн угаартаж амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.Хамгийн хэцүү нь гэр бүлээрээ угаартаж амиа алдах тохиолдол ихэсч байгаа тул угаар мэдрэгчээ унтраахгүйгээр байнга ажиллагаатай байлгаж, бага насны хүүхдийг гэрт нь асран хамгаалагчгүй орхихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна. Жилийн жилд төдөн хүн угаартаж амиа алдлаа хэмээн тоолоод суумааргүй байна.