“Z” үеийнхэн аймшгийн кинонд илүү дуртай

2023 онд 75 сая гаруй тасалбар борлуулж, нийт 46 уран бүтээл нээлтээ хийж, зөвхөн АНУ-д 798 сая ам.долларын орлого олсноороо аймшгийн кинонууд Холливудын хамгийн найдвартай мөнгөний эх үүсвэр болсны сацуу энэхүү жанрын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. 1995 оноос хойш АНУ ба Канадын дэлгэцийн урлагийн зах зээлд аймшгийн киноны эзлэх хувь даруй хоёр дахин өсжээ. Энэ онд “Halloween”-ийн баярын өмнө дээрх жанрын кинонууд нийт тасалбар борлуулалтын 10.5 хувийг аль хэдийн бүрдүүлээд байгаа нь урт хугацааны дунджаа нугалсан үзүүлэлт болж байна. Богино хугацаанд ихийг олохоор зорьж буй кино компаниудын хувьд энэ нь маш сайн мэдээ юм. Хөрөнгө оруулалтын өгөөжид суурилж тооцвол 1977 оноос хойш гарсан хамгийн өндөр ашигтай 20 киноны ес нь аймшгийн кино байгааг дата шинжилгээний "Numbers" компани мэдээлж байна. “Halloween”-ийн долоо хоног нь аймшгийн кинонуудын хувьд нээлтээ хийх хамгийн тохиромжтой цаг үе байдаг.  Энэхүү жанрын амжилтын гол түлхүүрүүдийн нэг нь нийтээрээ үзэхэд тааламжтай байдал. Аймшгийн киног ганцаараа үзсэнээс олон хүн цугларсан өрөөнд, эсвэл танхимд үзэх нь илүү хөгжөөнтэй гэдэгтэй дийлэнх үзэгчид санал нийлнэ. Тэгвэл энэ нь аймшгийн киноны үзэлтийг залуу үзэгчид голлон бүрдүүлж байгааг мөн тайлбарлаж байна. "Morning Consult"-ийн судалгаанаас харвал “Z” үеийнхний ойролцоогоор гуравны нэг нь аймшгийн киног өөрийн дуртай дэлгэцийн бүтээл, киноны жанраар нэрлэсэн бол нийт насанд хүрэгчдийн 22 хувь нь аймшгийн кинонд дуртайгаа илэрхийлжээ. Өөр нэгэн судалгаанд оролцсон “Z” үеийнхний 66 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд кино театрт хамгийн багадаа аймшгийн нэг кино үзсэн гэсэн бол миллениалуудын хувьд энэ нь 42 хувь, “X” үеийнхэнд 23 хувь, харин бүүмерүүдийн хувьд ердөө зургаан хувь байсан аж.