МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зорчигчдоо хүлээн авахаар Туркийн Олон улсын нисэх буудалд байх үед нь хаалга хэсэгт нь аянга буужээ.
Энэ талаар тус авиа компаниас "МИАТ ТӨХК-ийн 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Энэ талаар зорчигчдод хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Та бүхнийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Нислэгийн мэдээллийн талаар эргэн мэдэгдэх болно" хэмээн мэдэгдлээ. Одоогоор 200 орчим зорчигч хэзээ нисэхээ хүлээж байгаа бөгөөд МИАТ-ийн зүгээс тодорхой өдөр, цаг хэлэх боломжгүй байна гэжээ.