Дарханы замыг дөрвөн эгнээгээр бүрэн нээлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2023.11.08-ны өдрөөс дөрвөн эгнээгээр бүрэн нээжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусч, ашиглалтад орох ёстой байв. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй бөгөөд нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааснаас хойш тав дахь жилийнхээ нүүрийг үзэж, өдгөө ашиглалтад орлоо.

Одоогоор хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалт, орчны цэвэрлэгээ, төмөр туузан хашлага суурилуулалт, малын хориг хашааны ажлууд хийгдэж байгаа бөгөөд жолооч нарыг анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.