Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажлаа авсан даруйдаа цас цэвэрлэгээний ажил ямар байгаатай биечлэн явж танилцан газар дээрээс нь шууд мэдээлэл өгч байлаа. Гэнэт орсон их цасны улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, нийслэлчүүдийн шүүмжлэлд өртөөд байсан цаг үед Хотын дарга ийнхүү шуурхай ажилласан нь иргэдэд таалагдаж, оноо авч байв.
Харин өдгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг Хотын даргаас үлгэр аваач гэж хүсмээр байна. Орон нутаг, нийслэлд шатахуун ховордож, иргэдийн урт дугаарлалт үүсэж, зарим Шатахуун түгээх станцууд квот тогтоож, 20-30 мянгад л өгнө хэмээж, зарим нь талонтойд нь өгнө хэмээн жолооч нарыг чирэгдүүлж байна.
Гэтэл Уул уурхайн сайд нь “Байдал хэвийн байгаа.Шатахууны нөөц бий. Хомсдол үүслээ гэж худал үнэн зүйлийг ярьж, иргэдийг бухимдуулах хэрэггүй” хэмээн гүрийж суугаа. Төмөр замд шатахуун тээвэрлэсэн ачаа ганц, нэг хоног саатсанаас өөрөөр хүндрэл гараагүй” хэмээн хээвнэг суугаа сайдтан та, машинаа унаад шатахуун түгээх станцуудаар тойрч, нөхцөл байдал газар дээрээ ямар байгаатай танилцаач. Шатахууны монополь компаниуд чинь өөрсдийн үзэмжээр хандаж, иргэдийг бухимдуулж чирэгдүүлээд байхад салбар толгойлсон сайд нь “Худлаа хэмээн халгаахгүй” суугаа нь харамсалтай. Саяхны хэд хоног налайсан сайхан өдрүүд үргэлжилсэн ч өнөөдрөөс хүйтний эрч чангарч, эртээдийн орсон их цаснаас ч илүү цас орж, шуурна гэдгийг ОБЕГ анхааруулсаар байгаа. Энэ үеэр орон нутагт нөхцөл байдал улам хүндэрнэ. Дээр нь тусламжийн эд бараа хүргэх болоод шуурхай дуудлагын автомашинууд шатахуунгүй суух хүндрэл үүсэхвий гэсэн болгоомжлол байна. Тйимээс Ж.Ганбаатар сайд та, эл асуудлыг нэг тийш шийдэн, шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа монопол компаниудынхаа эрх дархыг хязгаарлаач. Өвлийн дүн хүйтнээр жолооч нар түгжрэлд олон цагаар зогссоноос шатахуунгүй болж, гал алдах нөхцөл байдал үүсчихээд байна.Сайд та ажлаа хийнэ үү!