Ирэх арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Нүүрсний сонсгол-ыг хийхээр товлосон. Сонсголд шинжээч, хянан шалгагч томилох асуудал гацаанд ороод байгаа ба өмнө ажиллаж байсан шинжээчид ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Б.Энхбаяр сайд “Надаас эмээгээд байгаа юм болов уу” гэж байсан билээ. Өдгөө шинжээчээр ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулж байгаа ба БЭТ Ж.Ганбатын нэр явааг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл эсэргүүцэн “Нүүрсний будилаан гарч байхад ТУЗ-ийн дарга байсан, Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг шинжээч хянан шалгагчаар санал болгож байгаа нь буруу” гэв. Ж.Ганбатын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн БЭТ-өөр хоёрдахиа томилсон билээ. Хоёрдахиа томилсон шалтгааныг Засгийн газар сайн ажилласан тул хэмээн тодотгож байсан. Түүний хувьд хэдийгээр сайн ажилласан байлаа ч нүүрсний сонсголд шинжээчээр ажиллах нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн сөрөг хүчин эсэргүүцэж буй юм.