Нийслэлчүүд түүний эргэж буцсан, туйлбаргүй олон шийдвэрт итгэл алдаж эхэллээ

Утаатай тэмцье гэхээр зуух тараана. Нийтийн тээврээ хөгжүүлье гэхээр автобусаар үнэгүй зорчуулна гэнэ.

Төр, засгийн ялангуяа Хотын дарга Н.Нямбаатарын энэ мэт шийдвэрүүдийг ойлгох ухаан хүрэхгүй нь. Дулаан тохьтой, утаа савсаад замдаа шатчихгүйхэн шиг, олон цагаар хүлээхгүй  нийтийн тээвэртэй болгож өгөөч гэж л иргэд хүссэн болохоос бус бид үнэгүй зорчъё гээгүй юмсан. Төрөөс татаасыг нь өгнө гэх. Нэг хэсэг нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байна хэмээн уйлан дуугарч автобусаар зорчих үнийг 1000 болгоно гэж байснаа нэг л өглөө “Болилоо. Үнэгүй зорчуулна” гэх.

Хотын төвийн А бүсийг төлбөртэй болгоно. 0-27 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ хэмээж байснаа “За за эгүүлэн татлаа, болилоо” гэнэ.

Утаа хоолой хорсгож, аюултай төвшинд хүрлээ гээд улс нь утаагаа бууруул гэж мөнгө өгөхөөр зуухыг хэдэн мянгаар нь тараана гэх. Зуух чинь л утаа үйлдвэрлээд байгаа бус уу. Энэ мэт Х.Нямбаатар сайдын болоод түүний албатуудын толгойд өнөөдөр юу орохыг хэлж эс мэднэ. Хотын даргаас зоримог шийдвэр гарна. Дэмжээд явахад бэлэн гэж байсан нийслэлчүүд өнөөдөр түүний эргэж буцсан, туйлбаргүй олон шийдвэрт итгэл алдран түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй юм гэдэгтээ санал нийлж эхлээд байна.