"Идэр есийн хүйтэнд сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар харилцан санал солилцож, ямартай ч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулахаар болсон байна. Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг эцэслэн шийдэх бөгөөд холбогдох газруудаас санал авалгүйгээр амраах тухай ярьж байгаад эцэг,эхчүүд дурамжхан байна. Тухайлбал, “Та нар одоо боль л доо. Он гартал дулаахан байна гээд байгаа. Цаг агаарын мэдээгээ хар л даа.
Та нар ковидгүй байхад сургууль соёлоо хааж, хүүхдүүдийг дэлхийн боловсролоос хоцроож байсан. Манай 12 дугаар анги төгсөгчдийг бусад орны төгсөгчидтэй харьцуулахад наймдугаар ангийн ур чадвартай төгсөж байна шүү дээ. Цахимаар орохоор бүр доош гулгана шүү дээ.”, “Монголд ямар анх удаа өвөл болж, хүйтэрч байгаа биш дээ”
Монголын ирээдүйд боловсрол ямар чухлыг мэддэггүй махан толгойтнууд уу. Ямар ч хэрэггүй санаачилга хэмээн бухимдагсад олон байна. Үнэндээ л хүүхдүүд гэртээ өдөржингөө утсаа ширтэж өнжинө. Цахим хичээл ямар ч үр дүнгүй гэдэг нь хэдийнэ нотлогдчихсон. Сурагчид, цэцэрлэгийн багачуудын амралтаар гэмтэл бэртэл, ослын тоо өсдөг. Утаа угаар дээр нь томуу томуу төст өвчний ид үед гэртээ дулаахан байсан нь дээр гэх хүмүүс гарах л байх. Нийслэлд бус хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлбэл ямар вэ гэсэн санал ч гарч байна. Ямартай ч, Засгийн газар бүх талыг судлан шинжилж байж, сурагчдыг, цэцэрлэгийг цахимд шилжүүлэх үү, үгүй юу гэдгийг өнөөдөр шийдэхээр болж байна.