Уул уурхайн сайд Ж.Ганбаатар салбарынхаа гол асуудал болох шатахууны хомсдолоо шийдэж чадахгүй, дотоодын монопол компаниудтайгаа ч хэл амаа ололцож чадахгүй будилж сууна. ШТС-дад шатахууныг талоноор эсвэл хязгаартайгаар олгож, хомсдол үүсээд байгааг жолооч нар ярьж эхлэхэд шатахуун олголт хэвийн байгаа гэж хэсэг гүрийж үзсэнээ, эцэстээ ОХУ-д тогтоосон шатахууны хоригт орсон гэх тодорхойгүй мэдээлэл өгч сууна. Засгийн газар арга ядсандаа салбарын асуудлаа шийдэж чадахгүй бүтэлгүй сайдынхаа өмнөөс Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг ОХУ-руу өнөөдөр явуулж, ОХУ-ын талтай зөвшилцөн асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон байна. Хамгийн гол нь хөдөө орон нутагт дизель түлшгүйгээс нөхцөл байдал хүндэрч, цаг агаар эрс муудвал шатахуун түлшгүйгээс тусламж, өвс тэжээл хүргэх боломжгүй болох гээд байгаа юм.