Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XV хуралдаан өнөөдөр болж, хурлаар аймгийн 2024 оны төсвийг хэлэлцэн, батлах юм. Өмнөговь аймгийн хувьд энэ жил түүхэндээ байгаагүй 1.4 их наяд төгрөгийн төсөв баталж байгаа юм. Энэ нь нэг талдаа сайхан мэдээ ч нөгөө талдаа асар их хариуцлага гэдгийг тус аймгийн ИТХ онцолж буй юм.Төсвийн 1,4 их наядаас 720 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд Үлдсэнийг “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалтын олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Нутгийн зам” хөтөлбөрийг Өмнөговь аймаг маш сайн хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа баруун сумд руу, уул уурхай руугаа зам тавьж эхэлжээ. Хархорин Даланзадгадыг холбох тухайлбал, Даланзадгадаас Булган, Мандал-Овоо хүртэлх замын зураг төслийг баталсан байна. Мөн “Нутгийн дэм” хөтөлбөр буюу төрийн албан хаагчдад сар болгон өгдөг нэмэгдлийг нэмэгдүүлэхээр төсөвтөө тусгажээ. Өмнөговь аймаг яагаад ийм өндөр дүнтэй төсөвтэй байна гэхээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг буцаан төвлөрүүлдэг болсонтой холбоотой юм байна. Ерөнхийдөө татварын орлогууд өссөн ба үүний орлого болох “Нутгийн хишиг” хөтөлбөрийг малчид, эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн бүх салбарт тэгш хуваарилан ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх