Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний ч эрх чөлөө гэдэг. Хэвлэлийн эрх чөлөөг нэг л өдөр, нэг хууль гаргаад хумьчихдаг амар ажил биш. Харин эрх баригчдаас алгуурхнаар цензур тогтоож, хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх замаар тасралтгүй оролдлого хийдэг. Ингэхдээ янз бүрийн аргаар л оролдож үздэгийн бодит жишээг өдгөөгийн эрх баригчид бүрэн утгаар нь харуулж байна. Алгын чинээ ганц бүсгүйд Монголын шүүх, цагдаа, прокурор эр бяраа гаргаж, хуулиар далайлган буулгаж авахыг оролдож байгаа арчаагүй үйлдлийг ард нийтээрээ гярхай ажиглаж байгаа. Н.Өнөрцэцэгийн хувьд авлига, ялгаварлал, ялзрал, увайгүй улстөрчдийн үнэн дүр төрхийг гаргаж тавьснаараа өнөөдөр ийнхүү хуулийнхны занаанд орсон нь үнэн. Нэг үгээр, алгын чинээхэн бүсгүйд ахадсан сануулга байлаа. Нөгөөтэйгүүр, түүнд салбарынхан нь, хамт олон нь, МСНЭ болоод жирийн иргэд сэтгэлийн дэм өгөн нөмөрлөж байсан ч үнэн шударгын дуу хоолой болсныхоо төлөө ийм хүнд хүчрийг даван туулна гэдэг амаргүй.
Н.Өнөрцэцэгийг найман ишигний хэргээр шүүгчид нөлөөлөхийг оролдсон, бусдын эд хөрөнгийг авахаар шантаажилсан, эцэстээ бүр витамин хууль бусаар оруулж ирж зарсан хэргүүдэд цагдаагийн байгууллагаас нэгэн зэрэг буруутгаж, өглөө нь хэд хэдэн хэрэгт нэг дор яллагдагчаар татаж, өдөр нь хилийн хориг тогтоож, сайтыг нь хааж, орой нь цагдан хорих эсэх шүүх хурал болж, нэг өдөрт хууль, хяналтын байгууллага урьд хожид байгаагүйгээр хурдтай шуурхай ажиллав.
Хамгийн гол нь ингэж ажиллахдаа хууль дүрмийг зөрчин байж, Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурор болон цагдаагийн байгууллагаас гаргаж, энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn домайн нэрийг хар жагсаалтад оруулж, Монголоос тус домайн руу орох хандалтыг нь хязгаарлаад байгаа юм. Zarig.mn сайт тусдаа хуулийн этгээд, Н.Өнөрцэцэг хувь хүн. Гэтэл энэ хоёрыг хамаатуулж, эрх баригчид аль болох амыг нь хаахаар улайрч, эцэстээ "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, цэрэг цагдаагийн нэр хүндэд халдсан гэдгээр шалгахаар сүрдүүлж эхэлжээ.
Сэтгүүлч дуугүй болбол ард түмэн юу болж байгааг мэдэхгүй өнгөрнө. Мэдэхгүй өнгөрөх тусам ард түмэн, жирийн иргэд л илүү хохирно. Хамгийн гол нь цагдаа, прокурор хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахдаа хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргаж, хууль бус ажиллагаа явуулж байгаа нь аймшигтай байгаа юм.
Сэтгүүлч цаг үеийн үйл явдал, үзэгдэл, нийгмийн тулгамдсан асуудлаар мэдээлэл бэлтгэхдээ хараат бус байх нь аль ч цаг үед чухал. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 11 төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй хэвээр байгаа юм. Прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч Цагдаагийн Ерөнхий газрын дарга болон УЕПГ-т шаардлага хүргүүлсэн бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогүй байхад нь гэм буруутан, ялтан мэтээр харлуулах зорилготой томоохон компанит ажил хүчтэй явж байгаа нь нууц биш.
Тэр тусмаа нэг биш “субъект” руу тодорхой зорилготойгоор онилон дайрах явдал үнэндээ эрхзүйт ардчилалтай манайх шиг хүн ам цөөнтэй улсад бодит аюул юм. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх бол Үндсэн хуулиар баталгаажсан онцгой эрх бөгөөд дан ганц сэтгүүлч нарт хамааралтай гэж ташаа бодож хэрхэвч болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон, хэвийн ажиллах боломжийг хүчээр зогсоосон ямар ч үйлдлийг газар авахуулж болохгүй. Дарга нарын эрдэж бярдсан эрх мэдэл түр зуурынх, хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрх бол үүрдийнх юм. Нэг редакцийг өнөөдөр хаавал маргааш бүгдийг хорих үүд нээгдэнэ.