Хүний эрхийн үндэсний форум"-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудалд хэрхэн ажиллаж буй талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоос тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд ЭТТ-н захирал асан Б.Ганхуяг, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой хүний эрхийн зөрчил нэлээд яригдаж байна. Хүний эрхийн энэ өдөр танай байгууллагаас эдгээр асуудалд анхаарч байна уу?
-Зарчмын хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ бол хүний эрхийг хязгаарладаг хамгийн хүнд хэлбэрийнх. Хамгийн эцэст л хэрэглэдэг байх ёстой гэсэн зөвлөмжийг ХЭҮК холбогдох байгууллагуудад өгдөг. Сэтгүүлчийг, Б.Ганхуягийг цагдан хорьсон асуудалд процесс юу болсон бэ гэдэгт бүрэн мэдээлэлгүй байна. Зарчмын хувьд хүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хорих ял ногдуулахгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахгүй байхыг ХЭҮК зөвлөж байгаа. Энэ асуудлыг УИХ-д танилцуулсан. Хорих ял ногдуулж болохгүй гэмт хэрэгт цагдан хорино гэдэг хүний эрхийн зөрчил. Анхаарч засах ёстой. Миний авснаар сэтгүүлч Өнөрцэцэг таван гэмт хэрэгт холбогдсон. Нэг нь бусдын эд хөрөнгөтэй холбоотой. Бусад нь худал мэдээлэл тараасан гэдэг. Энэ нь хорих ялгүй гэмт хэрэг, нөгөөх нь хорих ялтай гэмт хэрэг. Шүүх аль хэрэгт саад учруулаад байна гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тодруулах ёстой. Дангаар нь таслан сэргийлэх арга хэмжээ авч болохгүй.
ЭТТ-н захирал Б.Ганхуягтай холбоотой гомдол өнгөрсөн тавдугаар сард ХЭҮК-т ирсэн. Холбогдох хариуг өгсөн. Ганхуягтай биечлэн уулзах эрүүл мэндийн байдалтай танилцахаас гадна ШШГЕГ-аас тухайн хүнтэй холбоотой эрүүл мэндийн байдлыг тогтмол тодруулж авч байгаа. Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээлэлтэй холбоотойгоор ар гэрийнхэн нь эрүүл мэндэд нь анхаараач гэсэн гомдол ирүүлсэн.Ирэх долоо хоногт хуваарийн дагуу хорих ангиудад ажиллана. Энэ хүрээнд магадгүй Цагдан хорих 461 дүгээр ангид очиж ажиллавал гомдол гаргаад байгаа хүмүүстэй уулзаж, асуудлыг тодруулна. Арваннэгдүгээр сард Б.Ганхуягтай холбоотой гомдол мэдээллийн дагуу эрүүл мэндийн асуудлаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 ангиас эрүүл мэндийн лавлагаа авсан. Шинжилгээний дүгнэлтээр энэ хүний эрүүл мэндэд эрсдэл учирсан зүйл байхгүй гэж албан ёсны тайлбараа өгсөн. Ямар ч тохиолдолд хорих ангид хүн аюулгүй байх ёстой гэсэн зарчмыг тавьж байгаа. Энэ талаарх зөвлөмжийг амаар болон бичгээр байнга өгч байгаа. Цаашид ч өгнө.