Групп чатын мэдээлэлд итгэн цахилгаан хязгаарлахгүй хэмээн хөөрцөглөх эрт байна

Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  Монгол Улс эрчим хүчээ импортлодог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокийн засвар дуусаагүй гэх шалтгаанаар ОХУ-ын тал манайд нийлүүлдэг 345 мвт цахилгаан эрчим хүчийг хоёр дахин буюу 150 мвт болгон бууруулж, хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн нь эрчим хүчний хараат манай улсад томоохон цохилт болсон. Өвлийн идэр ес эхэлж, Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн ирж байгаа энэ хүнд цагт ОХУ “цахилгааны экспортоо хязгаарлахаа мэдэгдсэн нь үнэндээ жижиг улсын хувьд том гамшиг байлаа.

Харин энэ асуудлаар Засгийн газар өчигдөр хаалттай шуурхай хуралдан шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас “дотооддоо зохицуулалт хийж, хязгаарлалт тавихаа мэдэгдээд удаагүй байтал ОХУ-ын тал цахилгаан хязгаарлахаа хойшлуулсан гэнэ. Яг өнөө, маргааш биш гэнэ шүү гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын гишүүд хоорондоо харилцахаар телеграммд үүсгэсэн дундын чат групптээ комиссын дарга А.А.Козлов  “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон” хэмээн бичсэнээс үүдэлтэй аж.

Өмнө нь Ж.Ганбаатар сайд, “Козлов сайдаар ахлуулсан телеграмм группийг бид ажиллуулж эхэлсэн. Асуудал хариуцсан ОХУ-ын бүх дарга нар энэ группт байдаг. Оросын талаас Эрчим хүчний дэд сайд, Төмөр замын дэд дарга нар байгаа бол Монголын талаас Ч.Хүрэлбаатар сайд бид хоёр” гэж ярьсан билээ. Товчхондоо ОХУ-ын Засгийн газраас албан ёсны мэдэгдэл өгөөгүй. Монгол, Оросын комиссынхон дундаа харилцдаг телеграммд чат групптээ А.А.Козлов ийнхүү бичсэнээс үүдэн цахилгааныг ойрын үед хязгаарлахгүй гэсэн мэдээлэл түгжээ.  

Үүнийг нь Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатар өлгөн авч, өөрийн твиттер хуудастаа “ОХУ-аас Монголд нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлахгүй гэсэн шийдвэр гаргаснаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козлов мэдэгдлээ. Энэ бол эцсийн шийдвэр гэв …” хэмээжээ. Групп чатад бичсэнийг албан ёсны шийдвэр хэмээн хүлээж авах нь арай л хөнгөдсөн явдал гэлтэй. Тиймдээ ч Ч.Хүрэлбаатар сайд “Албан ёсны шийдвэр үү. Хэсэгтээ цахилгаан хязгаарлахгүй гэдэг нь ямар хугацаа вэ” гэсэн бусдын ээрсэн асуултад яг таг хариулт өгч чадахгүй суугаа юм байна.   

Хамгийн гол нь “Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй” гэсэн Оросын хэсгийн дарга А.А.Козловын бичсэнчлэн “ойрын үед” гэдэг нь ямар хугацаа вэ. Магадгүй долоо хоног уу, нэг сар уу, эсвэл...  Ийм  тодорхойгүй байдлыг  нэг талд нь гаргаж, хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудалд цаашид үргэлжлүүлэн ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд Ч.Хүрэлбаатар болон  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасан гэсэн мэдээлэл байна.