Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшиж байгаа юм.
Нэр дэвшигч Т.Сүхболд нь "Миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллана. Аливаа сонгууль шударга, үнэн зөв явахад сонгуулийг зохион байгуулах мэргэшсэн, хариуцлагатай, ур чадвартай алба хаагч шаардлагатай гэж үзэж байна. Иймээс сонгуулийн үеэр ажиллах Хорооны албан хаагчдыг мэргэшүүлэх, сонгууль зохион байгуулахад оролцох бусад төрийн байгууллагуудын алба хаагчдад чиглэсэн сургалт болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн болон үйл ажиллагааны нэг сувагтай болгох талд анхаарч ажиллана" гэсэн байна.
Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан нь "Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон тохиолдолд мэргэжлийн хүрээнд идэвх, санаачилгатай ажиллана. Ингэхдээ сонгуулийг цахимаар явуулахад мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлэх, судалгаа хийх, санал боловсруулах, гадаад улсад байгаа иргэдээс санал авах боломжийг бүрдүүлэх, зохион байгуулалтын ажилд биечлэн оролцох, сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод, хяналттай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол шийдвэрлэлтийг хурдан шуурхай байлгах талд анхааарч ажиллах, сонгогчдыг таньж баталгаажуулахад шинэ техник технологи ашиглах талаар судалгаа хийж, санал боловсруулах" гэжээ.
Сонгуулийн ерөнхий хороо нь орон тооны хоёр, орон тооны бус долоон гишүүнтэй. Дээрх хоёр нэр дэвшигч нь орон тооны бус юм.