Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “1,226 мянга орчим ажиллах хүчний 81,5 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байна. Нийгмийн даатгал 20 жил төлж байж бүрэн тэтгэвэр авна гэсэн хуультай. Үүнд хүрэхгүй байгаа нөхцөлд халамжийн тэтгэвэр олгодог. Энэ нь 325 мянган төгрөг байна. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ. Тэтгэврийн даатгалын нэрийн дансны хийсвэр бичилтийг мөнгөжүүлж эхэлж байна. 17 хувиас хоёр хувийг мөнгөжүүлж байна. Мөнгөжүүлсэн орлогоос өвлүүлэх боломжтой. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлээд явна. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Тухайлбал, улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах боломжийг нээж байна”. Тэтгэврийг сонгуулийн өмнө нэмэгдүүлдэг биш инфляцтай уялдуулан нэмэгдүүлдэг байх, тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн” гэв.