Нийслэлчүүд урд шөнийг түгшүүртэйгээр давлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав орчимд Дашваанжил компанийн 60 тн хийн шингэрүүлсэн түлш ачиж явсан том оврын автомашин суудлын Патрол маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гал авалцаж, дэлбэрэлт үүсч, ноцтой осол гарсан учраас нийслэлчүүд түгшиж хонолоо. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох сургууль, орон сууцны барилга галд өртөж, нийслэл дэх Гал унтраах бүхий л анги нэгтгэл, цагдаа, хүчний байгууллагаад шөнөжингөө ажиллаж байж галыг бүрэн унтраалаа. Харамсалтай нь, албан үүргээ гүйцэтгэж явсан гурван гал сөнөөгч амиа алдлаа. Хүчтэй галыг унтраах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, галаас аврах гэж 200 гаруй алба хаагч хүч тавин ажилласан бөгөөд ослын газарт Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар ирж ажилласан бол Хотын дарга Х.Нямбаатараас огт сураггүй. Нийслэлд айхтар осол болж, хотоороо унтахгүйгээр хүний алтан амь бүү эрсдээсэй, аюул осол холуур өнгөрөөсэй хэмээн залбирч хоноход Хотын дарга маань арай халуун хөнжилдөө дугжирч байсан юм биш биз. Ослын газарт ч харагдсангүй, нийслэлээс албаны мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтан нь өгч байх жишээтэй.
Ийн харуусалтайгаар өглөөг угтсан нийслэлчүүд өдгөө ч орон гэрээ галд алдсан оршин суугчдад тусламж хүргэх гэж бултаараа мэрийж байна. Өвлийн дүн хүйтнээр гэрээсээ нөмгөн нүцгэн гүйж гарсан хүмүүст наад захын хоол хүнс, дулаан хувцас, эм тариа нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ хүнд цагт л Хотын дарга маань эрвийж, дэрвийхээрээ иргэдийнхээ төлөө гүйж явмаар. Гэтэл Х.Нямбаатар даргын бараа байтугай сураг ч алга. Хотын иргэд ч түүнийг мөн сурагласаар...