Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт сар шинийн баяраар гурав хоног амарна. Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн “Цагааннуур-Ташанта” боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ. Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллана. Тэгвэл бусад боомтуудын баяраар ажиллах, амрах хуваарийг танилцуулж байна.
Буянт-Ухаа агаарын авто замын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Монгол -Хятадын хилийн боомтууд: Шинийн 1-3-ны өдөр буюу энэ сарын 10-12-нд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат зэрэг боомтууд гурав хоног амарна.
Монгол-Оросын хилийн боомтууд: Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд ульхан шинийн 1-3-нд амарна. Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.